Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхэндээ шинжлэх ухаан, спорт, урлаг, анагаах ухаан, стратегийн бүтээн байгуулалт зэрэг улс орны хөгжлийн томоохон салбаруудад түүчээлэн оролцсоор байна. Түүний нэг хэсэг нь агаарын цэргийн үе үеийн алба хаагчид юм.

Нисэх хүчний түүхт 100 жилийн ойг угтан “Нисэх хүчний түүхэн замнал, хөгжлийн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 100 жилийнхээ босгон дээр цэргийнхээ түүхэн замналыг эргэн харж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон, Монгол Улсын батлан хамгаалах эрх ашигт тулгуурласан, аюулгүй байдлын орчин, эдийн засгийн бодит чадавхад нийцсэн агаарын довтолгооноос хамгаалах тогтолцоог бүрдүүлэн, хөгжүүлэх талаар шинжлэх ухаанчаар хандаж, олон талаас нь хэлэлцэх боломжийг олгожээ.
Хурлаар цэргийн нисэх хүчний сургалт, бэлтгэл хамтарсан хээрийн сургууль, дадлагад оролцсон туршлага, хиймэл оюун ухаан ба нисгэгчгүй нисэх хэрэгслийн хөгжлийн хандлага, цэргийн нисэхийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, стратеги төлөвлөлт зэрэг сэдвээр холбогдох албаны мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

УИХ-ын 2024 оны 08 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын баримт бичгийг батлуулсан бөгөөд инновац нэвтрүүлж, шинэлэг бүтээлүүдийг гаргаж авах, патентжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлуудыг эхлүүлээд байна. Тухайлбал, Агаарын цэргийн хэмжээнд “Тоон систем автоматжуулалтын төв”, “Нисгэгчгүй нисэх хэрэгслийн туршилт, судалгааны төв” зэрэг Агаарын цэрэгт нэн шаардлагатай байгаа төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. “Эх оронч монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд агаарын цэргийн зэвсэглэлд анх удаа барууны стандартын H-145/D3 загварын агаарын хөлөг Зэвсэгт хүчний хөрөнгө оруулалтаар худалдан авсан нь цэргийн нисгэгч, нисэхийн инженер техникийн бүрэлдэхүүнийг олон төрлийн нисэх хэрэгсэл ашиглах мэдлэг, чадвартай болгоход хувь нэмрээ оруулж байгаа талаар холбогдох албаныхан хэлж байлаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын үеэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй орчин үеийн дайны шинж чанар, цэргийн урлагт гарч буй өөрчлөлт, сүүлийн жилүүдэд болсон дайн, байлдаан, зэвсэгт мөргөлдөөний туршлага, сургамжаас харахад агаарын цэргийн үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр өсөн нэмэгдсээр байна. Цаг үеийн өөрчлөлт, хандлагыг соргогоор мэдэрч, агаарын цэргийг бэхжүүлж, хөгжүүлэх талаар онцгой анхаарах, бүтээлчээр хандах зайлшгүй шаардлагатайг онцолж байлаа.