УИХ дахь АН-ын зөвлөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар өргөтгөсөн хурал хийжээ. Зөвлөлийн хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцсон байна. Улмаар АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн иргэд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой гэсэн юм.
Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: – “Нэгдүгээр хэлэлцүүлэг явагдсаны дараа Үндсэн хуулийн асуудлаар иргэдэд мэдээлэл өгөх, санал бодлыг сонсохоор бүх гишүүд тойрогтоо ажилласан байх. АН анхдугаар хэлэлцүүлэгт оролцоогүй. Өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцох эсэх асуудлаар иргэдийн байр суурийг сонсч байж болъё гэдэг байр суурин дээр иргэдтэй орон нутгаар явж уулзлаа. Үндсэн хуулийг өөрчлөх сонирхол бүхий эрх баригчдын бүхий л асуудлууд бол PR мэдээлэл дээр тулгуурлан явж байна. Гэхдээ өнөөдөр явж байгаа мэдээллээс тэс өөр өнцөг орон нутагт ажиглагдаж байна. Орон нутагт үнэндээ хэлэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэд мэдээлэл маш хомс байна. Үндсэн хуулийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох зараар ирж байгаа иргэдийн тоо маш идэвхгүй байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн талаар иргэд мэдээлэл багаас болоод ач холбогдол өгөх нь бага байна. Иргэдтэй уулзаж байхад хэд хэдэн онцлох зүйлүүд ажиглагдлаа. Мэдээлэлгүйгээс болж чухам ямар өөрчлөлт оруулж байгааг олон түмэн ойлголт байхгүй байгаа учраас асуух асуулт ч багатай, санал ч багатай байна. Хоёрдугаарт энэ эрх баригчдаар хулгай луйварт холбогдсон, хууль бусаар төрийн эрх авсан ийм ёс зүйгүй эрх баригчдаар энэ Үндсэн хуулийг батлуулах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол нийтлэг ажиглагдсан зүйл” гэсэн юм.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч, албан хүсэлт хүргүүлжээ. Тус хүсэлтэд “Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагад халдахаар завдаж, нийгмийн гэрээ болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаран сандран хууль зөрчин өргөн мэдүүлж, мордохын хазгай болсон төслийг Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, иргэдийн хүсэл зориг, Монгол Улсын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, уг асуудлаар улс төрийн бүхий л намуудын зөвшилцөлд хүргэхэд анхаарлаа хандуулж ажиллахыг Ерөнхийлөгч танаас хүсье” гэжээ.
Мөн хэвлэлийн хурлаар АН-ын гишүүн Б.Пүрэвдорж 2008 оны долдугаар сарын нэгний үймээнд хэлмэгдсэн Монголын ард түмнээс МАН-ын удирдлага уучлал гуйх ёстой гэж хэлсэн юм.
Б.Пүрэвдорж: Өнөөдөр бол “7 сарын 1”-ний өдөр. Долоон сарын нэгний өдөр бол үнэхээр одоо 2008 онд Ардчиллыг дэмжиж явсан 5 залуугийн амийг авсан ийм өдөр байдаг. 2008 оны сонгууль бол маш мөнгөлөг, маш их булхайтай сонгууль болсон. Энэ булхайтай сонгуулиар гарахын тулд тэр жагсаалд оролцож явсан тэр хүмүүсийн хүчээр хөөж тарааж, дээрээс нь 5 ЗАЛУУГ НОХОЙ ШИГ ХОЙНООС НЬ ХӨӨЖ БУУДАЖ АЛСАН. 300 ГАРУЙ ЗАЛУУГ ХЭРЦГИЙГЭЭР ТАМЛАЖ ЗОВООСОН, НЭГ ЗҮЙЛ АНГИАР БҮГДИЙГ НЬ ШОРОНЛУУ АЧУУЛСАН ИЙМ ХАР ТҮҮХЭН ӨДӨР ӨӨ. Ардчилсан нам энэ хэлмэгдүүлэлтийг нөхөн төлбөр болон бусад зүйлсийг төрөөс өгөх ёстой гэсэн ийм зарчим дээр байдаг. МАН-ын үе үеийн удирдлагыг энэ 5 залуугийн өмнөөс, тэр 300 тамлагдсан залуугийн өмнөөс уучлалт гуйх ёстой гэдэг байр суурин дээрээ байдаг аа. ӨНӨӨДРИЙН МАН-ЫН УДИРДЛАГА ӨНӨӨДӨРТӨӨ ЭНЭ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙНХЭЭ ТӨЛӨӨ УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ ГЭДЭГ ТЭР БАЙР СУУРИН ДЭЭР АН, АН-ЫН ЗӨВЛӨЛ БАЙГАА.