Нүүр хуудасЯрилцлагаАТГ: Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.
-Улсын Их Хурлаас зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдээс яагаад одоог хүртэл мэдүүлэг аваагүй вэ гэх асуултууд явсан. Ер нь яагаад дуудаж мэдүүлэг аваагүй вэ?
-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авдаг. Мэдүүлэг нь өөрөө нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг хэдий ч уг мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар үнэн зөв нь нотлогдож, тогтоогдож байх ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлмэгц оролцогч нэг бүрээс заавал мэдүүлэг авах ёстой байдаггүй л дээ. Учир нь мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилж явдаггүй.
Харин хэрэгт ач холбогдолтой нотлох баримт буюу жишээ нь авлига, албан тушаалын хэрэг дээр ярихад санхүүгийн баримт, албан бичиг, гарын үсэг бүхий бусад баримтууд, файл зэргийг устгаж үгүй болохоос нь өмнө мөрдөгч илрүүлж, цуглуулж, бэхжүүлж авах, шинжээч, мэргэжилтний дүгнэлт гаргуулах зэрэг нь хэргийн болсон байдлыг бүрэн бодитой тогтооход чухал ач холбогдолтой байдаг.
Үүний дараагаар хэнийг, хэдийд, хаана, юуг тодруулж байцаалт, мэдүүлэг авах зэрэг нь өөрөө мөрдөгчийн болон түүнд хяналт тавьж буй прокурорын мөрдөн шалгах ажиллагааны тактикийн асуудал, энэхүү мөрдөн байцаалтын тактик нь мөрдөн байцаалтын нууцлалдаа хамаардаг. Мөн хэнийг ямар хэрэг дээр гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн алинаар нь мэдүүлэг авсан нь ч мөрдөн байцаалтын нууцлалд хамаардаг. Энэ мэдээлэл ил байх нь тухайн хэрэгт оролцогчдын аюулгүй байдалд заналхийлэх учраас өгөх мэдүүлэгт нь гаднын хууль бус нөлөөлөл орж болзошгүй байдал бий болох эрсдэлтэй байдаг.
Ер нь бол байцаалтад хэт шүтэх бус нотлох баримтуудыг илрүүлж, цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг шуурхай цаг алдалгүй хийх, түүндээ тулгуурлан зохих мэдүүлгийг авах явдал мөрдөн шалгах ажиллагаанд чухал байдаг. Бүх хүмүүсийг дуудаж мэдүүлэг аваад байх нь гол асуудал биш энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Харин хэзээ вэ гэдэг нь мөрдөн байцаалтын тактикийн нэг хэсэг байдаг гэдгийг хэлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН