Дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын олон улсын яриа хэлэлцээ” (TASD) өнөөдөр Төрийн ордонд болж байна. “ТХЗ-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж буй тус форумыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж үг хэллээ.
Хэлэлцүүлэгт НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, форумыг санаачлагч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар, Стэнфордын их сургуулийн судлаачид тэргүүтэй гадаад, дотоодын төлөөлөгчид оролцож байна.

AI: Нийгмийн итгэлцлийг сэргээх шинэ хөшүүрэг:
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар технологийн хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтийн хэрэгсэл гэлтгүй, засаглал, нийгмийн итгэлцлийг сэргээх боломж хэмээн онцлов. Хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ёс зүйтэй, хариуцлагатай ашигласнаар шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгож, авлигын эрсдэлийг бууруулан, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтойг тэрбээр дурдлаа.
Стэнфордын Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн захирал Жеймс С.Фишкин ч энэ санаачилгыг дэмжиж, зөвлөлдөх ардчиллын хэлбэрээр иргэдийн бодит оролцоог хангах нь аливаа эрх зүйн орчны шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Худал мэдээлэл ба нийгмийн туйлшралын эсрэг хамтын ажиллагаа:
Ихва эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын профессор Лиф-Эрик Ийсли цахим орчин дахь баталгаагүй мэдээлэл нь иргэдийн бодит мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах чадварыг сулруулж, нийгмийг талцуулж байгааг онцлов. Мэдээллийн ил тод байдал, иргэдийн шүүмжлэлт сэтгэлгээ, цахим платформын хариуцлагыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа нэн шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид цохон тэмдэглэсэн.
Энэ нь ч иргэдийн оролцоонд тулгуурлан үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх төрийн бодлоготой бүрэн нийцэж байна. Иргэд мэдээллийн дархлаатай, шүүмжлэлт сэтгэлгээтэй байж л нийгмийн туйлшрал, когнитив дайралт, худал мэдээллээс нийгмээ хамгаалж чадах билээ.












