Баянхошуу орчимд 09:30 цагийн хэмжилтээр агаарын чанарын индекс 500-г давж байна.
Энэ нь агаарын чанарын индексийн хамгийн муу үзүүлэлт бөгөөд “Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал авто зам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх” гэсэн зөвлөмжийг өгдөг.


Түүнчлэн Баянхошуу орчмын сүүлийн 24 цагийн агаарын чанарыг харвал, өчигдрийн 20:00 цагийн байдлаар индекс 722-т хүрчээ.
Одоогийн байдлаар нийслэлийн ихэнх хэсэг буюу Нисэх, Толгойт, Амгалан, Хайлааст, Бөхийн өргөө орчимд агаар бага бохирдолтой байна. Харин Баруун дөрвөн зам, Нэгдүгээр хороололд агаарын чанарын индекс хэвийн үзүүлэлтийг зааж байна.
Агаар бага бохирдолтой үед зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс хол байхыг холбогдох мэргэжилтнүүд зөвлөдөг.