БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэлийн 2023 оны хоёр дахь удаагийн бүртгэл өнөөдөр болно. Иргэд 09:00-:17:30 цагийн хооронд www.ehalamj.mn сайтад нэвтрэн бүртгэлээ хийлгэнэ.
2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг дахин бүртгэхгүй юм байна.
Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага:
- 18- 39 настай байх (1983 оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 2005 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх);
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
- БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
- БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
- БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/. Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
- Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);
- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
- Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангиллын визээр бүртгүүлэх боломжгүй.
Шалгалт өгөх хуваарийг hudulmur-halamj.gov.mn, monkor.net сайтаар мэдээлнэ. Бүртгэгдсэн болон шалгалт өгөх хуваарийг бүртгэлтэй гар утасны дугаарт илгээх бөгөөд 131288 тусгай дугаараас зурвас ирээгүй бол ХХҮЕГ-т өөрийн биеэр авна.