1 C
Ulaanbaatar
Мяг, 11 5 сар 2021 23:44:25
Нүүр хуудас Мэдээ БНХАУ-д байгаа 164 иргэнийг Замын-Үүд боомтоор татаж авна

БНХАУ-д байгаа 164 иргэнийг Замын-Үүд боомтоор татаж авна

УОК-ын  хуралдаанаар ирэх сарын эхний хагас хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ гадаадаас татан авах тусгай нислэгийн хуваарийг баталсан тухай ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв. 

Хилийн чанадад байгаа нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо багасахгүй байгаа бөгөөд энэ талаар ГХЯ-наас тогтмол мэдээлж байгааг тэрбээр мэдээллийн үеэр тодотгов. Тодруулбал, өнөөдрийн байдлаар, дэлхийн 44 улсаас нутаг буцах хүсэлтэй 10 355 иргэн байна. Тэрбээр, “Гадаад улс орнуудаас зургаадугаар сард нийт есөн тусгай нислэг төлөвлөсөн. Өнөөдөр Сөүлээс 267 иргэн ирж байна. Өчигдөр Хойд Америкт буй иргэдээ татан авах тусгай нислэгээр Сөүл хотоос 258 иргэнээ авчирсан. Харин маргааш ХБНГУ-ын Франкфурт хот руу нисэж тус улсад байгаа иргэдээ татан авна. Мөн энэ сарын 20-ны орой Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах тусгай нислэг Сөүл хот руу нисэх төлөвтэй байна” хэмээв. Ингэснээр энэ сард нийт 2300 орчим иргэнээ тусгай нислэгээр татан авах юм.

АНУ-ын Сиэтл хотод тусламж хүргээд буцахдаа иргэдээ татан авах тусгай нислэг энэ сарын 24-ний өглөө Улаанбаатарт газардах хуваарь гарчээ. 

Засгийн газар, УОК-оос долоодугаар сарын эхний хагас хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах чиглэл гаргажээ. Хэдийгээр албан ёсны шийдвэр гараагүй ч долоодугаар сарын эхний хагаст хилийн чанадад байгаа иргэдээ татан авах таван тусгай нислэгийн хуваарийг мөн батлуулсан байна. 

Тодруулбал, долоодугаар сарын 2-нд БНСУ-ын Сөүл, 4-нд Япон улсын Токио, 7-нд дахин Сөүл, 9-нд Турк улсын Истанбул хот руу нислэг үйлдэнэ. Түүнчлэн долоодугаар сарын 15-нд БНСУ-ын Сөүл хот руу тусгай нислэг явуулж транзит зорчигчдыг хүлээн авах юм. 

УОК-ын хуралдаанаар мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнээ ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор татан авах шийдвэр гаргажээ. Хилээ албан ёсоор нээх асуудлыг БНХАУ-тай дипломат шугамаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Цаашид ОХУ-д байгаа оюутнуудаа хилийн боомтоор татан авах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН