16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 08:41:25
Нүүр хуудасМэдээБНХАУ-ын сүүлийн 5 жилийн инновацийн ололт амжилт

БНХАУ-ын сүүлийн 5 жилийн инновацийн ололт амжилт

БНХАУ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн 13 дүгээр таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаандаа буюу 2016-2020  онд инновацид суурилсан хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхдээ ихээхэн ололт амжилтад хүрсэн бөгөөд энэ нь тус улсын хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч, эдийн засгийн өндөр чанартай өсөлтийг дэмжих түлхэц болсон байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улсын хөгжилд инновац хэрхэн чухал үүрэг гүйцэтгэснийг дараах тоо баримтуудаас харж болох юм.

БНХАУ-ын инновацийн чадавхийн барометр болох “Хятадын инновацийн индекс” хурдацтай өссөөр байна. Тус улсын Үндэсний статистикийн товчооноос гаргасан мэдээлэлд дурдсанаар, 2016 онд 181.2 нэгж байсан инновацийн индекс нь 2019 онд өмнөх оныхоосоо 7.8 хувиар өссөнөөр 228.3 нэгж болжээ

No description available.
/Хятадын Ханжоу хотод 2019 онд болсон үндэсний хэмжээний инновацийн долоо хоногт тавигдсан мэс заслын роботууд/

Инновацийн орчин нь сайжрахын хэрээр БНХАУ шинжлэх ухаан болон технологийн салбарт зарцуулах төсвийн зардлаа нэмэгдүүлж байна.

 Хятад улс 2016 онд энэ салбарт 776.07 тэрбум юань зарцуулж байсан бол 2019 онд зарцуулсан мөнгөний хэмжээ өмнөх оныхоосоо 12.6 хувиар өсөн 1.07 их наяд юань болжээ.

Мөн тус улс судалгаа шинжилгээний салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ салбарт тус улс 2016 онд 1.57 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийж байсан бол 2019 онд 2.21 их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оныхоосоо 12.5 хувиар, мөн дөрөв дэх жилдээ хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлт болжээ. Шинжлэх ухаан, технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ тус улс тухайн онд дэлхийд хоёрдугаар байрт жагссан байна.

/2020 оны 9 дүгээр сард Хятадын Шанхай хотноо болсон дэлхийн санхүүгийн технологийн хамгийн том арга хэмжээ “INCLUSION Fintech” чуулганы хүрээнд зохион байгуулагдсан инновацийн үзэсгэлэнгийн нэг хэсэг/

Түүнчлэн Хятадын инновацийн хөрөнгө оруулалтын түвшинг илтгэдэг суурь судалгаанд зарцуулсан зардал 2019 онд 133.56 тэрбум юань болсон нь өмнөх оныхоос 22.5 хувиар өссөн үзүүлэлт төдийгүй сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болжээ. 2016 онд уг судалгаанд 82.29 тэрбум юань зарцуулж байсан аж.

Инновац тус улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгсөөр байна. 2019 онд Хятад улс 2.47 сая бүтээлд патент буюу зохиогчийн эрх олгосон нь өмнөх оныхоосоо 6 хувиар, 2016 оныхоос даруй 6 дахин өсжээ.

Хятадын технологийн зах зээл хурдацтай өргөжин тэлж, нөөцийг илүү үр ашигтай хуваарилахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 10 мянган хүн тутамд ногдох технологийн зах зээлийн гүйлгээ нь 2016 онд 1.15 тэрбум юань байсан бол өнгөрсөн онд 1.84 тэрбум юань болж өсжээ.

БНХАУ шинжлэх ухаан, технологийн салбарын судалгааны ажилд ирэх 5 жилд үлэмж хөрөнгө оруулалт хийнэ

Ирэх таван жилийн хугацаанд Хятад улс технологийн судалгаанд үлэмж  хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

БНХАУ-ын 2021-2025 онд хэрэгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд дурдсанаар, тус улс нь шинжлэх ухаан, технологийн салбарыг өөрийн  боломж бололцоогоо урьд урьдынхаасаа илүү ашиглах замаар хөгжүүлэх, өөрөөр хэлбэл энэ салбарт илүү бие даасан улс болохыг зорьж байна.

Уг төлөвлөгөөнд гурван гол зорилтыг тусгажээ.

Нэгдүгээрт, тус улс шинжлэх ухаан, технологийн салбарын судалгаа шинжилгээнд зарцуулах төсвөө 2021-2025 онд жил тутам 7-гоос доошгүй хувиар нэмэгдүүлэх аж.

Хоёрдугаарт, 10 мянган хүнд ногдох өндөр өртөгтэй патентын тоо 2020 онд 6.3 байсан бол үүнийг 2025 онд 12 болгох зорилт дэвшүүлжээ.

Гуравдугаарт, дижитал эдийн засгийн салбарын нэмэгдсэн өртгийн ДНБ-д эзлэх хувь 2020 онд 7.8 хувь байсныг 2025 он гэхэд 10 хувьд хүргэх ажээ.

Эх сурвалж: Cornerstone-china.com   https://cornerstone-china.com/2021/03/17/two-sessions-2021-china-targets-tech-self-reliance-with-massive-research-spend/

                                                                                                                    Бичсэн: Г.Солонго

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН