Нүүр хуудасМэдээБоловсролын яам:  Л.Энх-Амгалан сайд Азийн хүний хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба...

Боловсролын яам:  Л.Энх-Амгалан сайд Азийн хүний хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр боловсролын шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг боловсролд тэгш хамруулах, тэдний бие даан амьдрах болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Боловсролын яамнаас сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, 2026–2027 оны хичээлийн жилээс туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд оюуны бэрхшээлтэй суралцагчид суурь боловсрол эзэмшихийн зэрэгцээ мэргэжлийн сургалтад хамрагдаж, цаашид ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай дадал, ур чадвар эзэмших боломж бүрдэх юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ерөнхий болон мэргэжлийн боловсролын үйлчилгээ үзүүлэхээс гадна бие даан амьдрахад шаардлагатай дадал, ур чадварыг эзэмшүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр тасралтгүй дэмжлэг үзүүлэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Мөн энэ хүрээнд Азийн хүний хөгжлийн төв олон улсын төрийн бус байгууллагатай хамтран Ниппон сангийн санхүүжилтээр таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Төслийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын яам нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН