Хүний эрхийн Үндэсний Комиссоос хөгжлийн ялгаатай хүүхдийн суралцах эрхийг хангахтай холбоотой 9 зүйл бүхий зөвлөмжийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд гардуулж, холбогдох асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар тэгш хамран сургах боловсролын бодлогыг бодит үр дүнд хүргэх, багш нарт үзүүлэх арга зүйн дэмжлэгийг сайжруулах, дэмжлэгийн тогтолцоо, санхүүжилтийг оновчтой болгох, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх асуудлыг хөндлөө.
Тэгш хамран сургах боловсрол гэдэг нь хөгжлийн ялгаатай хүүхдийг сургуульд элсүүлэх, сургуулийн хаалгаар оруулах төдий ойлголт биш юм. Харин хүүхэд бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн орчин, сургалтын арга зүй, мэргэжлийн дэмжлэгийг бүрдүүлж, сурч хөгжих эрхийг нь бодитоор хангах явдал юм.
Хөгжлийн ялгаатай хүүхдийг ердийн сургуульд суралцах үед бусад хүүхдийн суралцах эрхэд саад учруулж байна гэх агуулгатай гомдол эцэг эхчүүдээс ирдэг байна. Энэ нь тэгш хамран сургах бодлогын хэрэгжилт, хүүхэд бүрд шаардлагатай дэмжлэг үзүүлэх тогтолцоог сайжруулах хэрэгцээ байгааг харуулж байна.
Тухайлбал, уулзалтаар дараах асуудлыг хөндлөө.
- Эрх зүйн зохицуулалтыг уялдуулах: Салбарын захиргааны хэм хэмжээний акт, зохицуулалтын давхардлыг цогцоор нь авч үзэж, бодлогын уялдааг сайжруулах;
- Салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх: Боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн эрчимжүүлэх;
- Дэмжлэгийн тогтолцоог сайжруулах: Хүүхдийн хөгжлийг дэмжих төвүүдийг сургуультай уялдуулан ажиллуулж, хүүхдийг сургуулиас тусгаарлах бус, суралцаж буй орчинд нь шаардлагатай дэмжлэг үзүүлэх;
- Багш нарын чадавхыг бэхжүүлэх: Хөгжлийн ялгаатай хүүхэдтэй ажиллах багш нарт арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийн хүрэлцээг нэмэгдүүлэх;
- Санхүүжилтийг оновчтой болгох: Хүүхдийн бодит хэрэгцээ, сургалтын орчны онцлогт нийцсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;
- Тусгай сургуулийн үйл ажиллагааг хөгжүүлэх: Тусгай сургуулийн мэргэшсэн багш, арга зүйн чадавхыг бусад сургуульд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаатай уялдуулах.
Мөн ерөнхий боловсролын 336 сургуулийн багшаас авсан асуулгын үр дүнд тулгуурлан дэмжлэгийн багийн үйл ажиллагааг сайжруулах, багш нарт үзүүлэх мэргэжлийн туслалцааг бодит үр дүнд хүргэх шаардлагатай байгааг онцоллоо.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн ялгаатай хүүхдийн суралцах эрхийг хангах, боловсрол эзэмшсэний дараа хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох хүртэлх үе шатанд цогц дэмжлэг үзүүлэх тогтолцооны загварыг “Чиба” сантай хамтран боловсруулж байгаа талаар танилцууллаа.
Энэхүү загвар нь хүүхдийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн дэмжлэгийг боловсролын бүхий л шатанд, улмаар хөдөлмөр эрхлэлт, бие даан амьдрах үйл явцад үргэлжлүүлэн хүргэхэд чиглэж байна.
Уулзалтын төгсгөлд Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл хөгжлийн ялгаатай хүүхдийн суралцах эрхийг хангах чиглэлээрх хамтын ажиллагааг тогтмолжуулж, хичээлийн шинэ жил эхлэх үеэр тогтмол уулзан, бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцож байхаар тохиролцлоо.
Хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээг харгалзан үзэж, сурч хөгжих бодит боломжийг бүрдүүлэхэд зөвхөн боловсролын салбар бус холбогдох бүх салбарын хамтын ажиллагаа чухал юм.





