Тус хуралдааны өргөтгөсөн хуралдаан эхлэхээс өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан болон албан хаагчид Байгаль орчны салбарын үйл ажиллагаатай танилцлаа.
Өнөөдөр хамгийн эхэнд Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны үйл ажиллагаатай танилцлаа. Тус хамгаалалтын захиргаа нь 3 аймгийн 23 сумын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах чиглэлээр үйл явуулж байгаа талаар Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны дарга Б.Ялалтбаяр мэдээллээ.

Мөн тус сав газрын захиргаанаас цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлаар салбарын сайдад уламжиллаа.
Газар доорх усны эрэл хайгуул хийх, нөөц тогтоох. Өнөөдрийн байдлаар говийн 4 аймгийн нийт газар нутгийн 4 хүрэхгүй хувьтай тэнцэх хэмжээний газар нутагт газар доорх усны хайгуул хийгдсэн байна.
Говийн бүсийн газар доорх усны үнэ цэнийг нэмэгдүүлэх. Экологи эдийн засгийн үнэлгээ 2011 оны 302 засгийн газрын тогтоолоор 3700-4433т/м3 байна. Долларын ханш, инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Цацраг идэвхт ашигт малтмалыг газар доор уусган олборлох төсөл хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан, мөн говийн бүсийн газрын доор усны чанар стандартын шаардлага хангахгүй байгаатай холбогдуулан хүнд металл, цацрагийн чанарын хяналтын лаборатори байгуулах шаардагатай байна.
Сав газрын даргын мэдээллийн дараа С.Одонтуяа сайд тус аймагт Цацраг идэвхт бодисын нөлөөлөл, хөрс, ус, агаарын бохирдлын нөлөөллийг хэмжих олон улсын лаборатори байгуулах шийдвэр гарсныг дуулгаж, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг, чиглэл болголоо.