Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: “Дулаан байшин” нээлттэй өдөрлөгт 80 гаруй бизнес эрхлэгчид шинээр нэвтрүүлж буй...

БОУАӨЯ: “Дулаан байшин” нээлттэй өдөрлөгт 80 гаруй бизнес эрхлэгчид шинээр нэвтрүүлж буй техник технологи, бүтээгдэхүүнээ танилцуулж байна

Барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж буй энэ цаг үед амины орон сууц барихаар төлөвлөсөн, одоо амьдарч буй гэр байшингаа дулааны алдагдалгүй, гамшигт тэсвэртэй нүхэн жорлонгүй, дэд бүтцэд холбохоор сонирхож буй иргэд “Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөгт ирж, барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгч дотоодын болон олон улсын 80 гаруй бизнес эрхлэгчдийн шинээр нэвтрүүлж буй техник технологи, бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой юм.

“Дулаан байшин” нээлттэй өдөрлөгт БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, ХББОС-ын сайд Ж.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул нар оролцлоо.

Сайд С.Одонтуяа: Ногоон зээлийн хүүг бууруулж, иргэн, ААН-үүдэд боломж олгох асуудлыг нэн тэргүүнд шийдэх шаардлагатай.

БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны С.Одонтуяа, “Үндэсний хороо байгуулагдаад дөрвөн сар болж байна. Маш идэвхтэй ажиллаж байгаа. Манай Үндэсний хороо яамдын уялдаа холбоог хангах гол үүрэгтэй. Болж байгаа ажлуудаас гадна ойрын үед шийдвэрлэх шаардлагатай нэг зүйлийг онцлон хэлье. Аж ахуйн нэгжүүд сайн ажиллаж байна, иргэдэд ч дулаалах эрмэлзлэл байна. Гагцхүү банкны зээлийн хүү маш өндөр байгааг олон иргэн, ААН-үүдийн төлөөлөл хэлж байна. Жилийн 13 хувийн хүү гэдэг бол бусад оронд ногоон биш арилжааны зээлд тооцогдоно. Ийм өндөр хүүтэй зээлээр агаарын бохирдлыг бууруулах дорвитой алхам хийж чадахгүйг сая олон иргэн, ААН-тэй уулзаад мэдэрлээ. Тиймээс Ногоон зээлийн хүүг бууруулж, иргэн, ААН-үүдэд боломж олгох асуудлыг Засгийн газар нэн тэргүүнд шийдэх шаардлагатайг харлаа. Үүнийг шийдэж чадвал ААН-үүд төрийн оролцоогүйгээр хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, худалдан авагчаа олж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ААН-үүдэд түүхий нүүрснээс татгалзах саналыг хүргүүлж, ААН-үүд ч дэмжиж байна. Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэг зэрэг төрийн байгууллагууд бүгд түүхий нүүрснээс татгалзсан. Одоо Чингэлтэй дүүргийн төрийн байгууллагуудыг нүүрс түлдэггүй болгох ажил руу ороод явж байна” хэмээн хэлж, агаарын бохирдлыг бууруулахын төлөө УИХ, Засгийн газар, ААН, айл өрх, иргэн бүр хамтран ажиллахыг уриаллаа.

Тус арга хэмжээ тавдугаар сарын 04-07-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим Хүчний Яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН