Монгол Улсад тахийг сэргээн нутагшуулах ажлыг 1987 оноос эхлүүлсэн анхдагч улсуудын нэг Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобекийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа (2024.09.10-ны өдөр) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд С. Одонтуяа тус амьтны хүрээлэнд Монгол орны говийн экосистемийг харуулсан “Монголын говь” байнгийн павилонг нээсэнд талархаад Чехийн ард түмнээр дамжуулан Европын хүмүүст манай орныг сурталчилсан чухал шийдэл тул талархал илэрхийллээ.
Хоёр талаас Нөмрөгийн дархан цаазат газрыг түшиглэн Дорнод аймгийн Сүмийн хоолойд шинээр тахь нутагшуулах төслийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар ярилцан, холбогдох арга хэмжээг ойрын боломжит хугацаанд эцэслэхээр тохиролцов.
Талууд зэрлэг амьтны эмнэлзүйн асуудлыг тусгайлан ярилцсан бөгөөд эрдэмтэн судлаачид, малын эмч, биологийн салбарын уялдааг хангасанаар боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх боломжтой тухай санал солилцлоо. Сайд С.Одонтуяа байгаль орчны салбарын боловсон хүчний асуудал хөндөгдөж байгааг танилцуулсан бөгөөд цаашид энэ хүрээнд талууд ажил хэрэг болгох чиглэлүүдээ тогтохоор боллоо.
Хоёр тал 2024-2028 онуудад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан Наран Сэвстэй боомтыг нээх хүрээнд байгаль орчин, ялангуяа зэрлэг амьтдад ээлтэй байгальд суурилсан шийдлүүдийг нутагшуулах ажилд хамтран ажиллахаар тогтов. Олон улсад бүхий л төрлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад амьтдад ээлтэй төрөл бүрийн шийдлүүд байдаг бөгөөд эдгээрээс Монгол орны нөхцөлд тохирох хэлбэрийг нутагшуулах нь улс орны хөгжлийн шийдлийг байгальд сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх боломжтой юм.