Уулзалтын үеэр Элчин сайд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам түүний хүсэлтийг хүлээн авч, анхны албан ёсны уулзалтыг хийсэнд гүн талархал илэрхийллээ. Тэрээр сүүлийн 4-5 жил хаалттай байсан ЭСЯ дахин нээгдэж, цаашид хоёр орны харилцааг бэхжүүлэхэд идэвхтэй ажиллахаа мэдэгдэв.

Сайд С.Одонтуяа Монгол Улс булангийн орнууд, тэр дундаа АНЭУ-тай харилцаагаа өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байгааг онцолж, байгаль орчны салбарт хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирснийг дурдсан юм.

Уулзалтын үеэр 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг бэлтгэн зохион байгуулах ажилд АНЭУ-ын туршлага, дэмжлэг чухал болохыг сайд С.Одонтуяа онцлов. Тус улс нь 2023 онд СОР28 бага хурлыг зохион байгуулсан туршлагатай бөгөөд энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Мухаммад Аль-Нуаими хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, COP17-ыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн юм.