Монгол Улсын Засгийн газар Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаа нутгийн иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын хамруулан Булган аймагт зохион байгуулсан. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын сайд С.Одонтуяа Булган аймгийн Байгаль орчны салбарын албан хаагчидтай уулзаж, байр суурийг нь сонслоо /2025.04.28/.

Уулзалтад Булган аймгийн Байгаль орчны газар, Ус цаг уурын орчны шинжилгээний төв, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын албан хаагчид нийгмийн баталгааг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, ажлын байрны нөхцөлийг сайжруулах зэрэг тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.

С.Одонтуяа сайдын зүгээс албан хаагчдын санал, хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.
