Америкийн, Европын улс орнууд, Азийн зарим орнуудад гэмт этгээдүүдийн халдлага буудалцаан гарах нь энгийн үзэгдэл мэт болжээ. Саяхан л гэхэд NBC-ийн мэдээлснээр Америкийн Нью-Жерси мужид буудалцааны улмаас зургаан хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд нэг цагдаагийн алба хаагч байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээдүүд цагдаагийнхан ойртон ирэхэд гал нээж, дараа нь хүнсний дэлгүүрт нуугдсан байна. Гэвч гэмт этгээдүүд цагдаагийнханд бууж өгөлгүй хэдэн цагийн турш буудалцжээ. Энэ үеэр хэрэг гарсан дүүргийг бүрэн бүслэсэн бөгөөд хэргийн газарт тусгайгийнхан ирсэн байна. Гэмт этгээдүүд хэрэг үйлдэх болсон сэдэл нь одоогоор тодорхойгүй, цагдаагийнхан хэргийг шалгаж байгаа ажээ.