Нүүр хуудасМэдээБЯ: Улаанбаатар хотод 168 мянган сурагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчдог

БЯ: Улаанбаатар хотод 168 мянган сурагч, 7.844 багш дүүрэг хооронд зорчдог

Засгийн газрын Шуурхай штабын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр “ЕБС-ийн сурагчдын зорчилт хөдөлгөөн”, “Хотхоны бага сургуулийн талаарх танилцуулга” илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Өнөөдрийн байдлаар дүүрэг хороо хооронд 168 мянган сурагч, 7.844 багш зорчиж хичээл сургуульдаа явж байна.

Эдгээр сурагчдын 90 гаруй мянга нь хотын төвийн сургуулиуд руу зорчдог гэсэн судалгаа гарчээ.

Энэхүү асуудалыг шийдэхийн тулд гэр хорооллын бүсэд 57 ЕБС барих шаардлага үүсээд байгаа юм. Ингэснээр зорчилт хөдөлгөөн эрс багасч түгжрэл 31.7 хувиар буурна.

Мөн зорчилт хөдөлгөөнд оролцож буй сурагчдын 47.7 мянга нь бага бүлгийн хүүхдүүд байгаа нь “Хотхоны бага сургууль” шаардлагатайг илтгэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод хүн амын төвлөрөл ихтэй 11, огт сургуульгүй таван хороо байгаа нь 60 бүлэг нэмж хичээллүүлэх шаардлагатайг харуулжээ.

Үүнийг шийдэхийн тулд төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хамтран ажиллах шаардлагатай байгааг Боловсролын сайд илтгэлдээ онцоллоо.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласан. Боловсролын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, ачааллыг бууруулах зэрэг арга хэмжээ нь нэрэмжит жилийн ажлын чухал хэсэг байх болно. Тиймээс ч Боловсролын жилийн зарим зорилтыг Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулж буйгаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН