Өнөөдөр Олон Улсын Сувилагчдын өдөр тохиож байна.Өвчтнийг энэрэх, халамжлах үйлстэй, үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, оношлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх гэсэн нарийн ажлыг хэрэгжүүлдэг сувилагч хүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар эмнэлгийн үйлчилгээнд ихээхэн чухал. НИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмарын санаачилгаар, Анагаах Ухааны доктор, профессор С.Наранчимэгийн хамт “Эрүүл оршихуй” өдөрлөг-сургалтыг ХУД-ийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын сувилагч нарт зориулан хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөг-сургалтанд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, дүүргийн 25 хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв, “Оргил” рашаан сувилал ТӨХК-ийн зэрэг байгууллагын 100 орчим сувилагч оролцлоо. НИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмар “Монголд 11 мянга гаруй сувилагч эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд сувилагч мэргэжлээсээ халшрах, өөр салбарт “урвах” үзэгдэл их гарч байгаа нь үнэн. Шалтгаан нь нийгмийн баталгаа болон цалин хангамж бага байна. Дэлхийн хамгийн сайн зохион бүтээгдсэнг робот ч орлож чадахгүй мэргэжлийг сувилагч гэдэг. Та бүхэндээ хүрэлцэн ирсэнд талархлаа. Монголынхоо мянга мянган сувилагчдадаа баярын мэнд хүргэе” гэв.

