Олон улсын гэр бүлийн өдрийг угтан, гал ус, аюул гамшгаас ард иргэдээ авран хамгаалах тангараг өргөсөн нийслэл, дүүргийн онцгой байдлын 15 албан хаагчийн гэрлэх ёслолыг 5 сарын 14-ний өдөр “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулахаар болжээ.


Төрдөө тангараг өргөсөн Онцгой байдлын албан хаагчид аюул, гамшгийн эсрэг цаг наргүй, эх орон дуудсан, эрсдэл аюул тулгарсан үед гэр бүл, үр хүүхдэдээ ховорхон үзэгддэг хүнд хэцүү, амь өрссөн, баатарлаг ажил эрхэлдэг хүмүүс билээ.


Тиймээс улс орон, ард иргэдийнхээ төлөө халуун амь, хамаг залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа албан хаагчдынхаа гал голомтыг бадрааж, тангараг өргөсөн хүргэн, бэрүүдэд насан туршид нь үл мартагдах нандин сайхан дурсамж бүтээх “Онцгой” сайхан арга хэмжээ тун удахгүй болох юм байна.


