Нүүр хуудасМэдээДата, бэлэг, урамшуулал амласан залилангаас сэрэмжлээрэй

Дата, бэлэг, урамшуулал амласан залилангаас сэрэмжлээрэй

Цахим орчинд энэ оны долоодугаар сард “Хаан банкны 35 жилийн ойн урамшуулал”, “Арилжааны банкны судалгаа”, “CU дата өгнө”, “Урамшуулал олгоно”, “Судалгаа бөглөөд бэлэг аваарай” гэх мэт иргэдийн анхаарлыг татахуйц хуурамч зар, мэдээлэл байршуулж, тэдгээрт хавсаргасан холбоосоор дамжуулан хуурамч веб хуудас руу нэвтрүүлж интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код /OTP/ зэргийг хуулбарлан авч дансанд нэвтрэн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийн 234 тохиолдол бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх төрлийн гэмт хэргийг шалгаж банкны нэр барьсан хуурамч урамшуулал, судалгааны зар байршуулан фишинг сайт ашиглаж, иргэдийн интернэт банкны мэдээллийг хууль бусаар авч байсан гадаад улсын 1, Монгол Улсын 4 иргэнийг илрүүлэн баривчилсан.

Дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдогчдын байрлаж байсан орон байр болон биед прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, иргэдийн интернэт банк руу хууль бусаар халдсан болон халдахаар бэлтгэж байсан цахим болон биет нотлох баримтуудыг илрүүлэн, хуулийн хүрээнд бэхжүүлэн авсан байна.

Энэ төрлийн залилах гэмт хэрэг нь цаашид худалдаа, үйлчилгээний байгууллага, үүрэн холбооны оператор, төрийн байгууллагын нэрийг барин “дата бэлэглэнэ”, “урамшуулал өгнө”, “азтан боллоо”, “судалгаа бөглөнө үү” гэх мэтээр нэр, хэлбэрээ өөрчлөн иргэдийг хуурамч холбоос руу оруулах байдлаар үйлдэгдэж болзошгүй.

Иймд иргэд та бүхэн:

•Урамшуулал, дата, бэлэг амласан сэжигтэй холбоос дээр бүү дар;

•Интернет банкны нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код /OTP/-оо бусдад бүү өг;

•Банк болон байгууллагын нэр, логотой байсан ч мэдээллийг албан ёсны хуудас, сувгаар заавал нягтал;

•Сэжигтэй холбоосоор нэвтэрч мэдээллээ оруулсан бол нэн даруй банктайгаа холбогдож данс, картаа түр хаалган, нууц үгээ солино уу;

•Залилангийн шинжтэй зар, мэдээлэлтэй таарсан тохиолдолд цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлнэ үү.

ХОЛБООС ДЭЭР ДАРАХААСАА ӨМНӨ НЯГТАЛ. НУУЦ ҮГ, OTP КОДОО ХЭНД Ч БҮҮ ӨГ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН