18.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 14:22:46
Нүүр хуудасНийтлэлД.Одбаяр өөрийн ёс бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөх...

Д.Одбаяр өөрийн ёс бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөх нь зүйтэй

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх асуудалд холбогдож дэлхий нийтэд улсынхаа нэр хүндийг унагаад авсан.

Хэргийн талаар дахин сануулахад:  Тэрбээр аравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар Инчеоны чиглэлийн KAL-ын нислэгээр зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан, мөн тухайн үед орчуулга хийсэн KAL –ийн Монгол ажилтныг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлсэн хэмээн буруутгагдсан юм.

Д.Одбаяр нь анхан шатны мөрдөн байцаалтын үеэр уг хэргийг эрс няцаан, өөрийнх ард явж байсан Монгол иргэнтэй андуурагдаж байна, хэргийг дипломат аргаар шийдвэрлүүлнэ хэмээн мэдүүлж байсан ч лхагва гаригт /2019.11.06/ болсон байцаалтын үеэр “Би согтуу байсан. Тиймээс юу ч санахгүй байна. Хохирогч тэгж мэдүүлсэн бол би архины нөлөөнд автаж, тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэж хэргээ хүлээж улайсан байдаг.

Мөн хэрэг болох үеэр орчуулга хийж байсан KAL-ийн Монгол ажилтныг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлсэн гэдгээ Д.Одбаяр хүлээн зөвшөөрчээ. Эхлээд тэрбээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ч мөрдөн байцаалтын үеэр түүний Монгол ажилтныг сүрдүүлж байгаа бичлэгийг дэлгэсний дараа өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

БНСУ-ын талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болсон.  Ингээд түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болж эрүүгийн хүнд гэмт хэрэг биш хэмээн торгууль төлүүлэх арга хэмжээ авсан. Ингээд Д.Одбаяр тус улсын хуулиар Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэмээн 10 хүртэлх сая воны торгууль төлж эх орондоо ирсэн юм.

Г.ЗАНДАНШАТАР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Харин одоо төрийн албаны ёс зүйг уландаа гишгэж Монгол улсын нэрийг шавартай хутгасан ёс зүйгүй үйлдэлдээ ямар хариуцлага хүлээх талаар асуулт тавигдах ёстой. Түүнийг хэрэгт холбогдсон даруйд ямар арга хэмжээ авч хариуцлага тооцох талаар сэтгүүлчид  УИХ-ын даргаас тодруулахад тэрээр ийм хариулт өгчээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.ЗанданшатарҮндсэн хуулийн цэцийн даргын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд шуугиан гарч байна. Үндсэн хуулийн цэцийн дарга хэрвээ ёс зүйгүй авир гаргаж, хууль журам зөрчсөн бол Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авна.

Үндсэн хуулийн цэцээс бидэнд өгсөн мэдээллээр бол Үндсэн хуулийн цэцийн дарга өөрөө ийм асуудалд холбогдоогүй. Ард нь сууж явсан иргэн үйлчлэгчтэй зүй бусаар харилцсаны улмаас нисэх онгоцны буудал дээр тухайн иргэнийг саатуулах асуудал гарахад нь Үндсэн хуулийн цэцийн дарга Монгол Улсын иргэний хувьд тухайн иргэнийг өмгөөлснөөс болоод үл ойлголцол, буруу ташаа мэдээлэл тарсан гэж байна. Үүнийг нягталж, шалгасны үндсэн дээр Улсын Их Хурал холбогдох арга хэмжээг авч ажиллах болно.

-БНСУ-ын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын Цэцийн дарга ийм асуудалд холбогдлоо гэж мэдээлж байна. Монгол Улсын гадаад нэр хүндтэй холбоотой асуудал үүслээ. Төрийн өндөр албан тушаалтны ёс зүй, хариуцлагын асуудлыг хэзээ ярих вэ?

-Үнэхээр хэрэг зөрчил, дутагдал гаргасан бол төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын зарчмын дагуу хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ нэг талын мэдээллээр асуудалд хандаж болохгүй. Худлаа мэдээлэл буюу “fake news”-ийн талаар дэлхий даяар ярьж, анхаарч байна. Тиймээс сайтар нягтлаад, бодит мэдээлэлд тулгуурлан шийдэх ёстой.

Бид Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулаад, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн өндөр дээд албан тушаалтнаас авахуулаад, төрийн бүх шатны алба хаагчдын түвшинд ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээг мөрдүүлж, ёс зүйн зарчмыг хуульчилна.

Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг байсан. Орчин үед дэлхий нийтэд, төрийн албаны чиг хандлагад ёс зүйн хэм хэмжээний шаардлага өөрчлөгдөж байна. Япон Улс Төрийн албаны ёс зүйн хуультай. Хуулийн дагуу Японы төрийн өндөр албан тушаалтнууд гаргасан үйлдлийнхээ төлөө ард түмнээсээ уучлал гуйгаад огцордгийг та бүхэн мэднэ.

Бид шинэ хуулиар ёс зүй, сахилга хариуцлагыг цоо шинэ шатанд гарган тавих болно.

ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР АЖЛАА ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ЁСТОЙ

Монгол улсын хууль цаазын тэргүүн ингэж дэлхий нийтэд шившигээ тарихын зэрэгцээ улсын нэр хүнд, төрийн албан тушаалтнуудын ёс зүйг уландаа гишгэж орхисон энэ хэрэгт албан тушаалтаныхаа хувьд ч хувь хүнийхээ хувьд ч хариуцлагаа нэн даруй хүлээх ёстой гэдэг байр суурийг иргэд олон нийт илэрхийлж байна. Аль хэдийнэ хүлээлт үүсгээд эхэлсэн хариуцлагын талаарх мэдэгдэл одоогоор гараагүй байгаа.

Тэгвэл Цэцийн дарга ямар тохиолдолд Д.Одбаяр ажлаа хүлээлгэн өгөх хуулийн заалттай вэ?

5 дугаар зүйл. Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаа

1. Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно.

2. Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ.

3. Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон,  бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно.

4. Цэцийн гишүүнийг хувийн хүсэлтээ гаргасан, эрүүл мэндийн улмаас, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон энэ зүйлийн З дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас нь өмнө уг албан тушаалаас чөлөөлөх, эгүүлэн татах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно.

5. Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан болон Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад үндэслэлээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдвөл гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсхүл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх 6 сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно.

6. Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно.

Д.Одбаярын хувьд өнгөрсөн 2017 оны зургадугаар сард Цэцийн даргаар томилогдсонБүрэн эрхийн хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Харин тэрээр гэмт хэрэгт холбогдсон, тэр нь нотлогдсон энэ тохиолдолд Д.Одбаяр өөрийн ёс бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэн өгөх нь зүйн хэрэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН