Нүүр хуудасМэдээЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар тусгай тогтоол гаргаж, нийслэлийн ужгирсан асуудлыг цогцоор...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар тусгай тогтоол гаргаж, нийслэлийн ужгирсан асуудлыг цогцоор шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр,
 
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Удахгүй Та бид 2024 оны улсын төсвийг хэлэлцэнэ. 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.6 их наяд төгрөг байлаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс 40 литрийн багтаамж бүхий эдийн засагтай байсан гэсэн үг.
 
2022 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна.
 
Ирэх 2024 оны улсын төсвийг Дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6000 ам. доллар давна гэж тооцоолсон.
 
Цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар өслөө.
Ирэх 2024 онд эдийн засаг долоон хувийн өсөлттэй байхаар төсөөлж байна.
 
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд давж, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам долларын өр бүрэн төлөгдлөө.
 
Улсын төсөв энэ жил 1.8 их наяд төгрөгөөр давж, Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар ашигтай гарч, валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ.
 
Улсын Их Хурлын гишүүд ээ,
 
Тоо худал ярьдаггүй. Эдийн засагт гарч буй энэхүү томоохон өөрчлөлтүүд  шулуухан хэлэхэд Монголд ямар том хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны илэрхийлэл юм.
 
Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт, Тавантолгойн нүүрсний хулгайг илчилж, ил тод, цахим арилжаанд шилжүүлсэн, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт зэрэг том түвшний системийн авлигатай Улсын Их Хурал, Засгийн газар, олон нийт хамтран тэмцсэний үр дүн билээ.
 
Энэ нь том түвшний системийн авлигын бүтцэд задрал явагдаж, далд эдийн засаг, нууц мөнгө ил болон бүртгэлжиж, эдийн засаг тэлж байгаагийн эхний дохио юм.
 
Авлигатай амжилттай тэмцсэн улс орнуудын хөгжлийн түүх ч үүнийг нотолдог. Товчоор дүгнэвэл, Та бид авлигатай тэмцэх эхний үе шатаа давж байна.
 
Одоо эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралын чанарт нөлөөлөхөд саад болж буй хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол дунд шатанд шимэгчлэн амьдарч буй авлигач түшмэд, том авилгачдын төлөөний этгээдүүд, эд эсүүд болсоор байна.
 
Тэд улс төрчид ирдэг, явдаг, харин бид мөнх гэдэгт итгэдэг.  Тэр дундаа, өнөөдөр нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ.
 
Хууль хяналтын байгууллагууд ч том шатны авлигын хэргүүдийг шүүхийн шатанд шилжүүлж, дунд шатны авлига руу ханцуй шамлан орох итгэл үнэмшил, цаг хугацаатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна.


 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурал, Засгийн газар үндэсний хэмжээний асуудалд төвлөрч, сүүлийн 30 жил нийслэлийн асуудлыг зөнд нь орхисноос нийслэл хот маань өнөөдөр авлигын бэлгэ тэмдэг болсон цементэн ширэнгэ болон хувирчээ. 
 
Хот төлөвлөлтгүй олгосон газрын наймаа, тэндээс баяжиж хөрөнгөжсөн улс төрийн бүлэглэл, зөвшөөрлөө аваад байшин барих биш, барилгаа бариад зөвшөөрлөө гаргуулдаг авлигын соёлыг хэзээ болтол бид мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөх вэ?
 
Улсын Их Хурал, Засгийн газраар баталсан хууль, стандарт, дүрэм яагаад 30 жил огт хэрэгжсэнгүй вэ?
 
Байгалийн тусгай хамгаалалттай газарт сүндэрлэн боссон тансаг хотхонуудыг бид хэзээ болтол жуулчны отог гэж итгэсээр амьдрах вэ?
 
Нийтийн тээвэрт монопол тогтоосон гурван компанийн чөтгөрийн тойрогт хэзээ хүртэл хотынхон хорлогдож, ашигтай шугамны наймааны төлөө иргэдийн эрх зөрчигдсөөр байх вэ?
 
Нэгдсэн эмнэлгийнхээ нүүрийг хааж барьсан эмнэлгийн захирлуудын хувийн эмнэлэг, сургуулийн талбайг хүртэл хэсэгчилж зарсан үе үеийн дүүргийн удирдлагууд, төрийн байгууллагуудын газрыг тасдаж аваад хувийн хороолол босгон, ичих ч нүүргүйгээр өөрсдөө амьдарч буй хотын дарга нартай хэзээ хүртэл эвлэрч амьдрах вэ?
 
Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ үйлчлэх вэ?
 
Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөсдсөөр ирснийг өнгөрсөн 30 жилийн түүх нотоллоо.
 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Улсын нийслэлийн маань асуудал улсын тулгамдсан асуудал болж хувирчээ. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд Улсын Их Хурал, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна.
 
Төрийн үйлчилгээний 70 гаруй хувь, төрийн мэдээллийн 11-11 төвд ирж буй гомдлын 80 орчим хувь нь зөвхөн нийслэлтэй холбоотой байна. Нийслэлийн асуудал шийдэгдвэл Улсын Их Хурал, Засгийн газрын ачаалал 70-80 хувиар хөнгөрнө гэсэн үг юм.
 
Нийслэл есөн дүүргийнхээ тогтолцоогоор цаашид иргэддээ хүрч үйлчилж чадах уу?
 
Бид үүнд хариулт өгөх цаг болжээ.
 
Хороодын дарга, хэсгийн ахлагчид аймгаас том хороодыг хэрхэн удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх вэ?
Бид энэ асуудлыг цаг алдалгүй нарийвчлан шийдвэрлэх шаардлагатай.
 
Гэр хорооллын тэлэлтийг нийслэл, дүүрэгт даатгаад уул уулаараа ухуулсаар байгааг харж шогширсоор л байх уу?
 
Аль эсвэл хотын асуудал надад хамаагүй гэж улс төрийн галаас хойш сууж, аргацааж аргалсаар дахиж 30 жил болох уу?
 
Нийслэлийн асуудлууд шийдэлгүй үргэлжилбэл Монгол Улсын Үндсэн хуулинд тусгагдсан хүний эрх, иргэдийн аюулгүй байдал, амьдралын чанарын үзүүлэлт огт хэрэгжихгүй нь ойлгомжтой.
 
Тийм ч учраас Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн болно.
 
Улсын нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнээс хүсье.

Хаврын чуулганаар ачаалалтай ажиллаж, авлигын эсрэг эрхзүйн орчин, Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийж чадсан шиг, намрын чуулганаар өмнөхөөсөө ачаалалтай ажиллаж, нийслэл Улаанбаатар хотын урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын бүтэц, зохион байгуулалт, хотын соёлын дүрэм, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр, нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны эрхзүйн байдал, газрын харилцаа зэрэг асуудлуудыг цогц байдлаар нь шийдвэрлэхэд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал бүрэн дэмжлэг үзүүлж, хичээнгүйлэн оролцож ажиллахыг хүсье.
 
Энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Ерөнхий сайдын хувьд даалгах нь зүйтэй гэж үзлээ.
 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг томилохоор танилцуулж байна.
 
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрхзүйн багц шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхэд төрийн албанд 23 жил ажиллаж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байсан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороог удирдсан мэргэжлийн болон улс төрийн туршлагыг нь харгалзан үзэв.
 
Мөн мэргэжлийн Байнгын хорооны даргыг тухайн салбарын яаманд ажиллуулах сонгодог парламентын засаглалын мерит зарчмыг үндэслэл болголоо.
 
Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд анх удаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж, гурван шатны нээлттэй сонсголыг зохион байгуулж, иргэдийн мэдэх эрхийг хангаж чадсан улс төрчийн эр зориг, тууштай байдлыг нь харгалзан үзлээ.
 
Энэхүү туршлага нь нүүрсний хулгайн сонсголыг амжилттай зохион байгуулж, уул уурхайн системийн авлигыг илчлэх, цаашид ийм алдаа гаргахгүй байхад бодит хувь нэмэр оруулж чадна гэж итгэж байна.
 
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалд Борхүүгийн Дэлгэрсайханыг томилохоор танилцуулж байна.
Нийслэл хотын асуудал бол цогц асуудал тэр дундаа аж ахуйн ажил юм.
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд Улсын Их Хуралд сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж,  авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томилуулахаар танилцуулж байна.
Салбар дундын уялдааг хангаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН