Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар угтаж авлаа.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
- 2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,
- 2011 онд “Иж бүрэн түншлэл”,
- 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.
Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ-ын Жүн-Ан их сургуулийн Хуулийн сургууль төгссөн.
- 1990-1994 онд Кёнги аймгийн Ичон хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төв, Гванжү хотын Хөдөлмөрийн зөвлөгөөний төвийн захирал,
- 1994-2005 онд Кёнги аймгийн Соннам хотын “Ард иргэдийн эв нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, Соннам хотын Авлигын эсрэг иргэний нийгмийн байгууллагын захирал,
- 2010-2018 онд Соннам хотын дарга,
- 2018-2021 онд Кёнги аймгийн Засаг дарга,
- 2022-2024 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
- 2022-2025 онд Ардчилсан намын дарга,
- 2024-2025 онд Үндэсний Ассамблейн гишүүн,
- 2025 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
“Үйлдвэрийн хүүгийн өдрийн тэмдэглэл”, “Бид хамтдаа алхаж буй учраас ганцаардахгүй байна”, “Намайг энд хүргэсэн мөрөөдөл”, “Эцэст нь үүнийг ард иргэд л хийж чадна” ном бичжээ.





