Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдөр тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Энэ айлчлал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 34 жил, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 20 жилийн дараа хийж байгаа айлчлал юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар санал солилцох юм.
Айлчлалын үеэр талууд худалдаа, эдийн засаг, банк, газрын тос, эрчим хүч, хот байгуулалт, шинжлэх ухаан, соёл, залуучууд, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, музей зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.
Мөн Казахстан-Монголын бизнес форум болохын зэрэгцээ Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн концерт, гэрэл зургийн үзэсгэлэн толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байна.





