Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам зэрэг албаны төлөөлөгчид угтан авав.
![](https://mand.mn/wp-content/uploads/2023/11/19-1024x649.jpg)
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 70 жилийн ойг угтан тус айлчлалыг хэрэгжүүлж буй юм.
Монголын талаас 1959 онд МАХН-ын Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус БНСВУ-д айлчилж байсан.
Энэхүү айлчлал нь 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.
Вьетнамын талаас 1955 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Хо Чи Мин, 2000 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг, 2008 онд БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет, 2017 онд БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар тус тус Монгол Улсад айлчилж байв.
![](https://mand.mn/wp-content/uploads/2023/11/20-1024x649.jpg)