Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 100 дугаар захирамж, Төрийн албаны тухай хуулийн 21.2.2, Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.2-т заасныг тус тус үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчдад Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгосныг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр гардууллаа.

Эрхэлсэн түшмэлийн дэд зэргээр Төмөртогоогийн Оюун Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тамгын газрын ахлах референт, Юндэнгийн Оюунжаргал Дотоод хяналт, аудитын газрын ахлах референт, Эрхэлсэн түшмэлийн дөтгөөр зэргээр Даваагийн Отгон Үнэлгээ, мониторингийн газрын Үнэлгээ мониторингийн хэлтсийн ахлах референт, Нарантунгалагийн Баясгалан Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга, Хөхламын Цогоо Хяналт шалгалтын газрын Үйл ажиллагааны хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт, Дашдондовын Цэцэгмаа Үнэлгээ мониторингийн газрын ахлах референт, Цогзолын Баттулга Хяналт, шалгалтын газрын Үйл ажиллагааны хяналт, шалгалтын хэлтсийн хянан шалгагч, референт эдгээр төрийн албан хаагчдад Төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэв олгосныг гардууллаа.

Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Төрийн албанд үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, бодитой хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж, Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр Батаагийн Саруул Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах шинжээч, Ю.Оюунжаргал Дотоод хяналт, аудитын газрын ахлах референт, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдгээр Б.Аз Хууль эрх зүйн газрын дарга, С.Уранмандах Хууль эрх зүйн газрын ахлах шинжээч нарт үнэмлэхийг нь гардууллаа.

Засгийн газрын дахь хяналтыг хэрэгжүүлэх үйл хэрэгт мэдлэг, ур чадвараа дайчлан идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдад Монгол Улсын сайд, Хяналт , үнэлгээний Үндэсний хорооны даргын тушаалаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын “ХҮНДЭТ ЖУУХ” бичгээр шагнасныг гардууллаа.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр шагнал гардуулах үеэр хэлэхдээ, Монгол улс төрт ёсыг байгуулаад 2000 гаруй жил, Их засаг хуулиар дэлхийн талыг засаад 800 гаруй жил, Үндсэн хуульт ёс Бүгд найрамдах улс байгуулагдсаны 100 жил, Орчин цагийн төрийн алба байгуулагдсан 30 жилийн баялаг түүхтэй төрд зүтгэн, хөдөлмөр зүтгэлээ шударгаар үнэлүүлж буй та бүхэнд баярын мэнд хүргэж чин сэтгэлийн талархал илэрхийлье. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нийт албан хаагчид та бүхэн төрийн байгууллагыг анх удаа олон улсын байгууллагаар үнэлүүлэн, төрийн эрсдэлийн удирдлагыг үнэлдэг системийг бүх түвшинд нэвтрүүлэн, өмнөх туршлага дээр суурилан шинэ арга зүйгээр Процессын дахин инженерчлэл, төрийн албаны сахилга хариуцлага, хууль дээдлэх зарчмыг нэвтрүүлэхэд хичээл зүтгэлээ дайчлан ажилласан. Байгууллагын гадаад дотоодын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган байгууллагын дотоод хариуцлага, шударга ёс, хууль дүрэм, зөв зүйтэй зарчмыг хэрэгжүүлж ажиллалаа. Монгол төрийн зарчим, төрийн бодлого хүнээс хамааралтай унадаг байж болохгүй. Та бүхэндээ хууль дээдэлж, зарчимтай ажилласанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Төрийн ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье гэлээ.

