Нүүр хуудасМэдээЗГ: 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан...

ЗГ: 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баярын өдрүүдийн 07 дугаар сарын 11, 12-ны өдөр нь бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгалаа.

Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриалж байна. 

Энэ жилийн үндэсний баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан ажил, амралтын цагийн зохицуулалт хийх санал, хүсэлт  болон Хөдөлмөрийн тухай хуульд “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэж заасныг үндэслэн Засгийн газрын тогтоол гарч байна. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан байдаг. 

Батлан хамгаалах салбарт БНСУ-ын Засгийн газартай хамтарч ажиллах хэлэлцээр байгуулна

“Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. 

Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, цэргийн хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах зэргээр өргөжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1999 онд “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын хэлэлцээр” байгуулж эхэлж байжээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд цэргийн 8,500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн томоохон тэгш ой 2026 онд тохиож байгаа учир “Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг тусгаар улсынхаа эрх чөлөөт байдал, Монгол цэргийн баатарлаг түүх, цог хийморийг бэлгэдэх, Төрийн далбаагаа эрхэмлэн дээдлэх, иргэд, залуучуудын эх оронч үзэл, Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн техникийн болон 8,500 орчим цэргийн жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.

Товч мэдээ

·      Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2027 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралтаар баталж, төсвийн хязгаарт нийцүүлэн 2027 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. 

·      Зэвсэгт хүчний 330 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хошууч генерал Ядмаагийн Чойжамцын нэрэмжит болголоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН