“Залуу офицеруудыг дэмжих жил”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн бие бүрэлдэхүүний дунд ном унших соёлыг төлөвшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор “Нэг ном – Гэрэлт ирээдүй” ном хандивлах өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд офицер, ахлагч, ажилтан, алба хаагчдын сайн дурын оролцоотойгоор цуглуулсан 200 гаруй ном, хичээлийн хэрэгсэл, амттан болон залуу офицеруудын санаачлан бэлтгэсэн эд зүйлсийг ”Өнөр бүл” хүүхдүүдийн төвийн хүүхэд багачуудын амарч буй Хараацай зусланд өөрсдийн биеэр хүргэж гардуулан өглөө.
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд ангийн номын сангийн баяжилтыг хийж, номын сангийн хамгийн идэвхтэй уншигчдыг шалгаруулан урамшуулж, АХА асуулт, хариултын тэмцээн зохион байгуулжээ.
Түүнчлэн ЗХЖШ болон Монголын Үндэсний Зуслангуудын Холбооны хамтран хэрэгжүүлдэг “Байгальд амьдрах арга ухаан” төслийн хичээлүүдийг ”Өнөр бүл” хүүхдүүдийн төвийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулж, цэргийн алба хаагчид амьд гарах арга ухаан, эх оронч үзэл, эх орноо хайрлан хамгаалах ухамсрын талаар сургалт, танин мэдэхүйн хичээлийг заав.
Энэхүү өдөрлөг нь хүүхэд багачуудын боловсрол, хүмүүжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ алба хаагчдын нийгмийн хариуцлага, хамт олны эв нэгдлийг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо





