Нүүр хуудасВидеоМАНДЫН БҮТЭЭЛИргэд санал өгөхдөө анхаарах зүйлс

Иргэд санал өгөхдөө анхаарах зүйлс

САНАЛ ӨГӨХӨД ЗАЙЛШГҮЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС:

  • Сонгогч та 07.00-22.00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж санал өгнө.
  • Дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуульд оролцож, саналаа өгөх нь иргэн таны үүрэг асар хариуцлагатай ажил юм. Иймд та заавал саналаа өгөх ёстой.
  • Таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн ч албадан нөлөөлж, саад учруулах ёсгүй. Өөрөөр хэлбэл, таныг саналаа өгөхийг эсвэл өгөхгүй байхыг хэн нэгэн хүчээр тулгах учиргүй.
  • Сонгогч та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгөх ёстой.
  • Сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амрахаас гадна дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн захууд ажиллахгүй.
  • Зайлшгүй шалтгаанаар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчдод тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэйг санаарай.
  • Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
  • Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэгээг хийнэ.
  • Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийнэ.
  • Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжтой.

ДАРААХ ТОХИОЛДОЛД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөхөөр завдвал
  • Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдвол
  • Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглавал,
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарвал,
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийвэл,
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулбал,
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах үйлдэл хийх нь хориотой.

Эдгээр хориглосон заалтуудыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН