Нүүр хуудасМэдээЛ.Өлзийсайхан: Үндсэн хуулийн зарчимд, мэргэжилдээ үнэнч ажиллана

Л.Өлзийсайхан: Үндсэн хуулийн зарчимд, мэргэжилдээ үнэнч ажиллана

О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Чадварлаг, нэр цэвэр, салбартаа нэр хүндтэй, туршлагатай хуульч-судлаачид нэр дэвшиж байгаа тул томилгоог дэмжиж байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийлэв. Цэцэд салхи оруулж, цус сэлбэж буй гэх энэ удаагийн томилгооны эзэд чуулганы танхимд ямар байр суурь илэрхийлснийг товч хүргэе.

Л.Өлзийсайхан: Үндсэн хуульд захирагдаж хараат бусаар ажиллана

Үндсэн хуулийн зорилго, зориулалт нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн аливаа дур зоргыг хязгаарлахад оршдог. Тийм учраас Үндсэн хуулийн үзэл санаа, заалт бүрт шингэсэн хэм хэмжээ агуулгыг тайлбарлан хамгаалдаг оюун ухааны онолын шүүх бол Үндсэн хуулийн цэц билээ. Миний бие Үндсэн хуулийн зарчимд үнэнч ажиллана. Үндсэн хуульд үнэнч ажиллана. Мөн мэргэжилдээ үнэнч ажиллана. Монгол Улсын Үндсэн хуульд“Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай  дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага бөгөөд Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж хуульчилсан байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Үндсэн хуульд захирагдаж, аливаа байгууллага, албан тушаалтан бусад хүнээс хараат бусаар ажиллана.

Э.Энхтуяа: Хуулийг чандлан сахиж, хууль дээдлэн ажиллана

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол Үндсэн хуулийг чандлан сахиулах чиг үүргийнхээ хүрээнд хууль дээдлэн ажиллана. Хуулийн салбарт 23 жил ажиллахдаа хууль дээдлэх зарчмыг баримталж ирсэн. Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөөг бататгасан, үндэсний тусгаар тогтнол, суурь харилцааг зохицуулсан улстөрийн чухал баримт бичиг. Монгол Улсын үнэт зүйл болсон хуулийг чандлан сахиж, хууль дээдлэн ажиллана.

О.Мөнхсайхан: Үндсэн хуулиа хамгаалж, бэхжүүлж, үзэл санааны хувьд оновчтой тайлбарлаж,  төвийг сахиж ажиллана

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр миний бие томилогдвол өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, Үндсэн хуульд захирагдаж, хараат бус төвийг сахиж ажиллана гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд хийж ирсэн судалгааны туршлага маань хэрэг болох болов уу.  Б.Чимид багшийн хэлсэнчлэн Үндсэн хуулийн цэц  бол алганд багтсан Монгол Улс. Тиймээс Үндсэн хуулиа хамгаалж, бэхжүүлж, үзэл санааны хувьд оновчтой тайлбарлаж,  хараат бусаар төвийг сахиж ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН