Нүүр хуудасУлс ТөрМАН+МАХН албан ёсоор нэгдэж нэр, зорилго, үйл хэрэг нэг болж байгаагаа зарлав

МАН+МАХН албан ёсоор нэгдэж нэр, зорилго, үйл хэрэг нэг болж байгаагаа зарлав

МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр цахимаар боллоо. Хоёр намын  хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан 6 бүлэг, 33 зүйл бүхий гэрээг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 3,000 гаруй намын анхан болон дунд шатны байгуулагын удирдлагын түвшинд  зохион байгуулав.

Уг хуралд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас гадна хоёр намын 300 мянган гишүүн дэмжигчийн төлөөлөл оролцсон юм. 

Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн “Хүн биш хууль засагладаг” шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн МАН, МАХН нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүлж, хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажилласан билээ.

Тус ажлын хэсгээс Монгол Улсын  хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан 10 зорилт бүхий  хамтарсан уриалгыг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан юм.

Цахим хуралдааныг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, хоёр нам нэгдэхээр болсон нь  түүхэн  үйл явдал болохыг тэмдэглэж, үнэт зүйл нэгтэй намууд хамтран ажиллах нь нийгмийн шаардлага байсныг дурдаад нэгдмэл нэг эрх ашигтайгаар ажиллахыг уриаллаа.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш хэмээн тодотгоод хоёр намын нэр, зорилго төдийгүй үйл хэрэг нэг боллоо гэсэн юм.   

Цахим  хуралдаанд оролцсон гишүүд, дэмжигчид үзэл бодол, угшил гарвал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь цагаа олсон ажил болсныг хэлж байв.

Хоёр намын хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт, намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх талаар тодорхой тусгав.

Эх сурвалж: МАН-ын ХМОНХХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН