Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдөр /2026.10.27/-ийн хуралдаанаар, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Нийгмийн халамжийн зургаан хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт зориулсан 72 нэр төрлийн халамжийн үйлчилгээг хэрэгжүүлж байна. Цаашид халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, өрх, иргэний амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадварыг дэмжих зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан 22 хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн байна.
Үргэлжлүүлэн, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Хүүхдийг цахим орчны хүчирхийллээс хамгаалах тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн орчныг энэ хуулиар бүрдүүлэх юм.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн болон ахмадын цогц тусламж, үйлчилгээний асуудлаар санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Ажлын хэсгээс 140 гаруй мянган ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах,аюултай хортой нөхцөлд ажилласан, олон хүүхэдтэй, 20-иос доошгүй жил нийгмийн даатгал төлсөн болон цэргийн тэтгэвэрт гарсан ахмадуудыг суурь тэтгэвэрт хамруулах, ганц бие ахмадуудад үзүүлэх асрах үйлчилгээг хөгжүүлэх,ахмадын санг байгуулах, ахмад настны эмчилгээ сувилгааны газруудыг бүсчилж байгуулах саналыг нэгтгэсэн байна.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн, УИХ гишүүн Т.Мөнхсайханаас ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланд хандаж тавьсан асуулгыг хэлэлцлээ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн байдлаар 341 мянган суралцагч өдрийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна. Үдийн хоол хөтөлбөрийн зардлыг 144 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 558 тэрбум төгрөгт хүргэхээр 2027 оны Төсвийн төсөлд тусгасан. Дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг 10600-10900 төгрөгт хүргэнэ. Мөн ирэх оны төсөвт ЕБС-ийн 6-7 дугаар ангийн сурагчдыг Үдийн хоол хөтөлбөрт хамруулахаар төсөвт 60 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн байна.
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы асуулгыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж тогтоол гаргуулах санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.
Хуралдааны төгсгөлд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгыг хэлэлцлээ.
Асуулгатай холбогдуулж, УИХ-ын гишүүн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан багш, ажилчдыг орон сууцны 6 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулах, хөдөө орон нутагт багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, багшийн хөгжлийг дэмжих асуудлуудад анхаарал хандуулж байгааг тодотголоо. Асуулгатай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөв.





