24.1 C
Ulaanbaatar
Баа, 25 6 сар 2021 17:08:36
Нүүр хуудасНийтлэлМиний хувьд өлгүүрт өлгөөстэй энэ муу цагаан даавуун тортойгоо нөхөрлөөд багагүй хугацаа...

Миний хувьд өлгүүрт өлгөөстэй энэ муу цагаан даавуун тортойгоо нөхөрлөөд багагүй хугацаа өнгөрч. Тун дажгүй шүү, харин та ямар сонголт хийж байна?

Гялгар уутны хэрэглээг багасгах, цаашлаад татгалзах алхмыг дэлхийн улс орнууд өрнүүлж байгаа. Үүний нэг нь манай улс болж, зөвшөөрөгдсөнөөс бусад гялгар уут худалдаалахыг хориглоод багагүй хугацаа өнгөрч байна.  Хуулиар 0,035мм-мм нимгэн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уут буюу “10-ын” уут хэрэглэхийг хориглосон. Гялгар уут нь хүн болоод байгаль дэлхий, ан амьтанд хортой гэдгийг бид хангалттай ярьж бас бичиж байна. Гэвч яагаад үүнээс татгалзаж чадахгүй байна вэ? гол шалтгаан нь байнгын дадал, муу зуршил гэлтэй…

Энэ тухай бодлоо, хүмүүсийн их очдог “Хар хорин” болон “Барс” захуудаар хэсэг явж ажиглав, хэдэн хүнтэй ч уулзав. Даавуун тор, гялгар уутны худалдаачдаас зарим зүйлийг тодруулахад ийнхүү ярьж байна.  

Мөнгө багатай хүн л гялгар уут авч байна

Худалдаачин 1: – Би гялгар уут даавуун тор зараад 10-аад жил болж байна. Даавуун тор янз янзын л үнэтэй байгаа. Хүмүүс нэг хэсэг гялгар уут их хэрэглэдэг байсан. Одоо муу байна. Хүмүүс чинь ухаантай байдаг юм байна. Гялгар уут авахгүй даавуун тороо их авч байна. Гялгар тор нь зөвшөөрөгдсөн торнууд л даа, гэхдээ л авах нь багассан байна.

Худалдаачин 2: – Эмээ нь гялгар уут зараад нэг жил болж байна. Сүүлийн үед иргэд даавуун тор авч байна. Гялгар уутыг бол яах вэ мах шөл хийх гэж л авч байх шиг байна. Мөнгө багатай хүн  л гялгар уут авч байна даа. Ний нуугүй хэлэхэд. Уг нь гурван сараас хойш гялгар уут хийхгүй, зарахгүй авахгүй л гээд байсан. Бид ч авахаа больсон. Хамгийн гол хоригдсон уут нь энэ шар, цэнхэр уут байна л даа. Гэхдээ хүмүүс энэ хоёрт мах шөл янз бүрийн юмаа хийхэд арвин, бусад нь дэндүү гоёдоод байдаг юм. Суугаад харж байхад 200 төгрөгөө ч өгөөд тор авах чадалгүй хүмүүс байна шүү дээ. Гэхдээ хамгийн их хэрэгцээтэй нь энэ шар, цэнхэр уут л байх шив дээ” гэж ярьсан юм.  

Дараагаар нь “Хар хорин” захын махны тасгаар ороод гарав. Хаа сайгүй л цагаан уутанд махаа хийж барьсан хүмүүс.  Гэхдээ энэ уут нь хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхэд зөвшөөрөгдсөн хэмжээний уут гэдгийг махны худалдагч хэлсэн. Харин “Барс II” захын хувьд нөгөө цэнхэр уут л харагдана лээ.

Махны худалдаачин: – “Энэ журмандаа байдаг шүү дээ, 3,33 мм билүү тэрнээсээ зузаан болохоор зөвшөөрөгдсөн уутанд мах хийж байна. Махыг ямар даавуун уутанд хийлтэй нь биш дээ, яалт ч аргагүй л ийм уутанд хийж байна. Манай хар хорин захын хувьд нийтээрээ л нэг ийм уут хэрэглэж байна даа.

Махны худалдаачинтай ийн цөөн хором ярилцаад гарч явлаа. Бараг цүнх гэлтэй даавуун уут барьсан иргэд олон болжээ. Ингээд нэг иргэнтэй ярилцав.

Иргэн: – “Би даавуун тор хэрэглэдэг. Гялгар уут эрүүл мэндэд муу гэсэн. Энэ даавуун тороо бараг худалч хүнд тав, зургаан жил барьж байна. Энэ уутыг үүрээд л явдаг, их уддаг юм байна. Бусад хүмүүсийг харахад гялгар уутнаас татгалзаж байна. Дэлгүүр хоршоогоор явж байхад гялгар уут хэрэглэж байгаа нь гайгүй л байх шиг байна. Зарим нь ч яахав хэрэглэж л байна. Бололцоогоороо л болж байх шиг байна. Дэлгүүр хоршоогоор явахаар даавуун уутаа мартчихвал хэцүүддэг болчихоод байгаа шүү.

Энэ мэтчилэн зах зухаас нь иргэдийн санал бодлыг сонсоход ийм байна. Харин одоо өнөөх л гялгар уутныхаа хор хөнөөлийн талаар бодож сууна. Энэ талаар ахин дахин ярьж бичих нь илүүц мэт боловч цөөн хэдэн мэдээлэл хүргэх нь зүйтэй болов уу.

Нэгэн жишээ дурьдахад, Бөхөн гялгар болон даавуун уут идсэн бөгөөд ходоод нь газарт шингээгүй байгааг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн Шовгор Тэсэг хэмээх газарт байгаль хамгаалагч Ганбаатар олсон баримт зураг нь байна.

Гялгар уут байгальд шингэлгүй урт удаан хугацааны туршид оршин байдгийг дээрх жишээ харуулж байгаа юм. Гялгар уут, хуванцар хог хаягдал нь зөвхөн далайн амьтдад аюул учруулдаг гэдэг ойлголт үгүй болж, байгальд амьдарч байгаа бүхий л ан амьтанд аюул заналхийлж байдгийн нэгэн жишээ энэ биз ээ. Дэлхийн улс орнууд 30 жилийн өмнө гялгар уутнаас татгалзсан байхад харин манай улс ямар түвшинд явж байна вэ?

Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд тушаал гаргаж, 2019 оны гуравдугаар сарын 1-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн 10-н, 50-н, 100-н гэх мэт бүх төрлийн гялгар уутыг худалдаалахыг хориглож, бүгдийнх нь хэрэглээг хязгаарласан. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш нэг хэсэг дэлгүүр ороод авсан төмс ногоо, цагаан будаагаа бараг л алган дээрээ тосохоос наагуур л юм болж байв. Эхэндээ худалдаачид нь ч учраа олохгүй, иргэд ч учраа олохгүй үе байсан гэвэл хилсдэхгүй биз.

Бараг 70 жилийн өмнөөс гялгар уутыг дэлхий нийтээр хэрэглэх болсон ч түүний хор хөнөөлийг судалж мэдсэнээр 1990 оноос татгалзаж эхэлсэн байх юм.

Чухам яагаад гялгар уутнаас татгалзах ёстой вэ?…

Хүний биед хор нөлөө үзүүлэх нь: – Гялгар уутыг хар тугалга хайлуулж, химийн бодисоор хийдэг гэж ярьдаг. Ийм уутанд хүнсний бүтээгдэхүүн хийхэд урвалд орж, бензол, формальдегид,  тлоул зэрэг органик уусгагч бодис ялгаруулж, гэдэсний савханцар, хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Гялгар уут болон хуванцар саванд сүү цагаан идээгээ хийж хэрэглэсээр байгаад хорт хавдартай болсон нэгэн Монгол эмэгтэй бий. Энгийн амьдралын буруу дадал хэвшлээс болж хүнд өвчтэй болсон ч бусдад сайнаар үлгэрлэж сүү саалиа модон хувин сав, төмөр бетон саванд хийдэг болсон тухайгаа ч ярьсан байдаг юм. Түүний тухай нэвтрүүлэг ч бий.

Байгаль дэлхийд хор нөлөө үзүүлэх нь: – Хүн төрөлхтөн жил бүр ойролцоогоор 500 тэрбум нэг удаагийн уут, сав хэрэглэдэг. Энэ нь нэг жилд нэг хүн дунджаар 150 гялгар уут хэрэглэдэг гэсэн үг болж таарлаа. Үүний цаана ямар үр дагавар байна вэ? гэвэл хамгийн нимгэн гэж хэлж болох 0,025 мм зузаантай гялгар уут л гэхэд газрын хөрсөнд 100-500 жилийн дараа уусч алга болдог нь хөрс, ус, агаарыг бохирдуулж, чив чимээгүйгээр байгаль дэлхийг  хордуулсаар байгаа юм. Сүүлийн үед гялгар уут, хуванцар савнаас гадна хүүхдүүдийн их хэрэглэдэг ундааны хуванцар соруулаас ч татгалзахыг уриалж байна. Хувцанцар болон гялгар уут нь дэлхийн гадарга дээр бараг л үүрд оршиж, 1000 орчим жил далайн усыг хордуулж, жилд дунджаар 100 мянган далайн амьтан хуванцар болон гялгар уутнаас болж үхэж байгаа нь даанч харамсалтай.

Хууль эрх зүйн хувьд:  – Монгол улс 2009 онд “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай”  хууль боловсруулсан байдаг. Одоогоос 10 жилийн өмнө батлагдсан энэ хуулийг мэдэх хүн цөөн биз.  Харин дэлхий дахинд анх Дани улс эсрэг арга хэмжээ авч эхлэсэн байдаг. 1994 онд хуванцар болон гялгар уутны хэрэглээнд хориг тавьж, татвар ноогдуулж, үүний жишгээр олон улс орон хуулиндаа нэмэлт заалт оруулж, хуванцар, гялгар уутны хэрэглээг багасгахыг оролдож байна. Үүний нэг нь манай улс юм. Одоогоор дэлхийн 32 улс гялгар уутны хэрэглээг хориглоод байна. Мөн дэлхийн томоохон үйлдвэрүүд ч гялгар уут болон хуванцар эд үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргаж, зарим нь 2020 оноос хэрэгжиж эхлэхээр болсон.

Улсын хэмжээнд гялгар уутнаас татгалзахыг уриалж, журам гаргаад ажиллаж байгааг дээд дурьдлаа. Тэгвэл иргэд бид өөрсдөө яах ёстой вэ?. Ядаж нэг удаагийн аяга таваг, сав, уутнаас татгалзаж, дэлгүүр орохдоо даавуун уут гэрээсээ авч гарах, эсвэл өмнө нь авсан гялгар уутаа дахин хэрэглэж, дахин боловсруулах боломжтой сав, баглаа боодол сонгох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл чадвал татгалзаж, бүр болохгүй бол бага худалдан авч, түүнийгээ дахин дахин хэрэглэх нь хамгийн зөв алхам болох юм.

Харин миний хувьд хувцасны өлгүүрт өлгөөстэй энэ муу цагаан даавуун тортойгоо нөхөрлөөд багагүй хугацаа өнгөрч. Бараг л гурван жил болсон байна. Тун дажгүй шүү, харин та ямар сонголт хийж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН