Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагууд өчигдөр /2024.08.20/ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч, уулзлаа. Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж болон тус хорооны гишүүд оролцов. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн төлөв байдал, Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого, үр дүнгийн талаар гишүүдэд танилцууллаа.
Монголбанк 2024 онд инфляцыг 6 хувийн голчтой, +-2 нэгж хувийн интервалд барихаар Үндсэн чиглэлдээ тусгасан бөгөөд 2024 оны 7 дугаар сарын эцсийн байдлаар инфляц 5.5 хувьтай байж, Монголбанкны үндсэн зорилтын түвшинд байна. Нийт инфляцын 63.1 хувь буюу дийлэнх хувийг дотоодын бараа, үйлчилгээний бүлэг бүрдүүлж байна.
2021-2022 онд ковидын нөхцөл байдал болон геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор тээврийн саатал, гадаад үнэ нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан. Энэ үед инфляц 16.9 хувь хүртэл өсөж, Төв банк бодлогын хүүг 6 хувиас 13 хувь хүртэл өсгөж, мөнгөний хатуу бодлого баримталсан. Хэдийгээр 2023 онд хаваржилт, 2024 онд зуд тохиож, гадаад талд геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал хүндрэлтэй хэвээр байсан ч Төв банкнаас хэрэгжүүлсэн бодлого үр дүнгээ өгснөөр инфляц саарч, дагаад бодлогын хүүг бууруулж 11 хувьд хүргэснийг Ерөнхийлөгч танилцуулгадаа онцлов.
Цаашид эдийн засгийн сэргэлт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Монголбанкны зүгээс бодлогын хүүг алгуур бууруулах замаар өсөлтийг дэмжих, тэр дундаа уул уурхайн бус салбарыг дэмжихэд анхаарч ажиллах юм.
Мөн Ерөнхийлөгч энэ үеэр ГВАН өсөж, 5 тэрбум ам.долларт хүрсэн, төгрөгийн ханш тогтворжсон болон банкны салбарт хэрэгжүүлж буй реформ, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.