Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлөө өнөөдөр хүлээн авлаа.
Уг оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх гэрчилгээг Монгол Улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн батламжаар гардуулж буй аж.
Шүлснээс коронавирусийг тодорхойлох оношлуур нь сорьцыг лабораторид хийснээс хойш 90 минутын дотор хариуг гаргах бөгөөд шинжилгээ хийх өртөг нь 31,200 төгрөг гэдгийг АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар хэллээ.
Тэрбээр “Өнөөдөр Монгол Улсад хэрэглэж байгаа оношлуурын цомгууд коронавирусийн 100 хуулбар хүний биед байхад тодорхойлох чадвартай.
Тэгвэл шүлснээс коронавирусийг илрүүлэх энэхүү PCR-ийн оношлуур нь хүний биед коронавирусийн 6-12 хуулбар байхад илрүүлэх чадвартай буюу нэлээд өндөр мэдрэг чанартай.
Бид уг оношлуурыг коронавирусийн гомологийн 20 гаруй төрлийн вирустэй харьцуулан судалгаа хийхэд ямар нэг байдлаар солилцох урвалд ороогүй.
Өөрөөр хэлбэл, энэхүү оношлуур нь SARS Cov2 вирусийг л маш үнэнчээр тодорхойлдог болох нь тогтоогдсон. Тиймээс эрүүл мэндийн салбарт хэрэглэхэд хангалттай түвшинд байна гэж үнэлэгдэж байгаа хэрэг.
Энэхүү оношлуураар шинжилгээ хийх өртөг 31,200 төгрөг болж буй. Мөн мэдрэг чанар нь маш өндөр учраас бид 4, 6, 10 сорьцыг нэг дор хийх байдлаар туршиж үзэхэд шинжилгээний хариу, чанарт нь нөлөөлдөггүй болох нь тогтоогдсон.
Тиймээс нэгж шинжилгээний өртөг нь 7,800 төгрөг хүртэл буурах боломжтой” гэсэн юм.