Монголын мото спортын тамирчин, ОУХМ П.Мөрөн Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээн (W2RC)-ийн 2026 оны цувралын дөрөв дэх гараа болох Rallye OLA Energy du Maroc уралдаанд Rally3 ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа билээ.
Есдүгээр сарын 28-нд болсон Prologue буюу гарааны өмнөх тусгай шатанд амжилттай оролцож, Rally3 ангилалд 4-р байр эзэлсэн байна. Энэ жилийн Мароккогийн раллид Rally3 ангилалд нийт найман тамирчин гараанд гарсан талаар Дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны мэдээлэлд дурджээ.
Өнөөдөр буюу есдүгээр сарын 29-нд Stage 1 эхэлж, Агадир-Загор чиглэлд нийт 636 км замыг туулна. Үүнээс 268 км нь цаг хэмжих тусгай уралдааны хэсэг юм. П.Мөрөн энэ гараанд дэлхийн аваргын Rally3 ангиллын чансааг 41 оноотой тэргүүлж байгаа бөгөөд түүний араас Эдуардо Алан 40 оноотой явж байна. Өөрөөр хэлбэл хоёр тамирчны хооронд ердөө нэг онооны зөрүү байна.
Тэрээр өнгөрсөн тавдугаар сард Аргентинд болсон Desafío Ruta 40 уралдааны Rally3 ангиллын Prologue болон таван үе шатыг бүгдийг нь тэргүүлж, W2RC-ийн нэг гараанд ангилалдаа түрүүлсэн анхны Монгол тамирчин болсон юм. Мароккогийн уралдаан есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж, нийт таван үндсэн үе шаттай.
Stage 1-ийн дараа 300 км-ийн тусгай хэсэгтэй Stage 2, 364 км-ийн тусгай хэсэгтэй Stage 3, улмаар Stage 4, Stage 5 үргэлжилнэ.





