Нүүр хуудасНийтлэлМ.Намуун: Хамгийн гоё нь гурван жилийн өмнөх бүтэлгүйтэл маань тэр чигтээ туршлага...

М.Намуун: Хамгийн гоё нь гурван жилийн өмнөх бүтэлгүйтэл маань тэр чигтээ туршлага болоод үлдчихсэн байсан

Манд.мн сайтын редакц Жижиг дунд үйлдвэрлэгч, гарааны бизнес эрхлэгчдийг олон нийтэд таниулах зорилгоор, ирээдүйд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст зориулж бизнес эхлүүлсэн болон тэрхүү эхлүүлсэн ажил нь өнөөдөр нийгэмд өөрийн гэсэн байр сууриа бий болгосон эрхмүүдийг онцлохыг хүслээ. Анхны дугаарын зочноор “Ant.mongolia” хувцасны брэндийг үүсгэн байгуулсан М.Намууныг онцолж байна.  

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигч олонд маань өөрийгөө танилцуулна уу? 

Сайн, сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг М.Намуун гэдэг. Энэ жил 24 хүрсэн. СУИС-ийн РТМУС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд, одоо сонирхлынхоо дагуу “Ant.Mongolia” хувцасны брэндээ үүсгээд ажиллаж байгаа залуу үеийн нэг эд эс байна аа. 

Яагаад хувцас, дизайны чиглэлийн бизнес эхлүүлэх болсон бэ? Ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ? 

Цэвэр хобби сонирхолдоо хөтлөгдөж бизнесээ эхлүүлсэн. Миний багын мөрөөдөл зураач юм уу, хувцас дизайнер болох байсан юм.  Гэхдээ 12-р ангиа төгсөх жилдээ арай илүү хөрвөх чадвартай гэж үзээд сэтгүүлч мэргэжлээр суралцахыг сонгосон. Оюутан байхдаа сурахынхаа хажуугаар олон газар ажиллаж үзсэний эцэст өөрийгөө юу хийхийг хүсээд байгааг ойлгож, дуртай зүйлээ хийж эхэлсэн. Мэргэжил бүхэн сайхан гэдэг шиг, ажил болгон хүнд хэрэгтэй л дээ. Гэхдээ хүний дуртай зүйл гэдэг бол шал өөр байдаг юм байна. 

Анх бизнесээ эхлүүлэхэд ямар байсан, хүндрэлтэй зүйл нь юу байв? 

Хамгийн анх бол 2021 онд “NAMUGUN” гэсэн нэртэйгээр брэндээ эхлүүлж байлаа. Тухайн үед 20 настай ямар ч туршлага байхгүй хэр нь маш дэврүүн сэтгэлтэй, ёстой алчихъя л гэдэг үе байсан. Ямар материалаар юу хийхээ ч мэдэхгүй, яаж хайчаа барьж юуг эсгэхээ мэдэхгүй, анхан шатны жижигхэн асуудлууд тулгарч эхэлсэн. Тухайн үед эгч маань хувцас оёдог байсан тул надад оёдол, эсгүүр тал дээр зааж, зөвлөж би түлхүү борлуулалт, материал таталт, загвар гаргах, маркетинг, хүргэлт хийх зэрэг ажлуудаа хариуцаж ажилладаг байлаа. Бүгдийг нь анх удаа хийж байгаа болохоор сонирхолтой хэдий ч их хэцүү санагдаж, сүүлдээ шантарч эхэлсэн. Тэгээд ер нь “NAMUGUN” брэнд маань жил хүрэхгүй хугацаанд дампуурсан юм даа (инээв). Гэхдээ тэр үед би их зүйл сурч авсан гэж боддог, хэдий шантармаар үе байсан ч огт харамсдаггүй. Дараагаар нь 2023 онд “ANT.MONGOLIA” нэрээ бодож олоод, дахиж шинээр эхлэх хүсэл төрсөн. Тухайн үед сургуулиа төгсөөгүй байсан тул яг шууд зоригтой орж чадахгүй, хаширлаж хаширлаж 2024 онд найзтайгаа хамтарч албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

“Хамгийн гоё нь гурван жилийн өмнөх бүтэлгүйтэл маань тэр чигтээ туршлага болоод үлдчихсэн байсан” 

Материалаа зөв сонгож, загвараа сайн гаргаж, хайчаа тэгшхэн барихаас эхлээд борлуулалт, маркетинг, хүргэлт хүртэл асуудал шиг санагдаагүй. Харин одоо бизнес өргөжихийн хэрээр дахиад өөр өөр, арай жоохон ахисан түвшний асуудлуудтай нүүр тулж байгаа. Мөн тэр болгоноос суралцаж, аливаа бэрхшээлийг амжилттай даван гарах сэтгэл зүй, туршлагатай болж байгаадаа талархаж байна (инээв) 

Яагаад “Ant Mongolia” гэж нэрлэсэн бэ? Энэ нэрний утга учир юу юм бол? 

Шууд утгаараа ANT буюу шоргоолж гэсэн утгатай. Анх бол зүгээр суудаггүй, идэвхтэй ажилладаг зан чанарыг төлөөлүүлж өгч байсан. Сүүлд нь бодоход ер нь манай  Монголчуудын ажилд дайчин, шаргуу зан чанарыг илтгэхүйц, оновчтой нэр юм байна гэж бодсон. Мөн Монголоо таниулсан дэлхийн брэнд болгох битүүхэн хүсэл байдаг тул, эх орондоо үйлдвэрлэж байгаа гэдэг утгаараа “MONGOLIA” гэж нэмж бичсэн юм. 

Мэдлэг, туршлага хэр нөлөөлсөн, зайлшгүй мэдэж байх ёстой зүйл юу байв?

Гоё асуулт байна. Би шууд хандлага гэж хэлнэ ээ. Мэдлэг туршлагатай байж хүн ул суурьтай, чадварлаг ажиллаж чадна. Гэхдээ түүнээс илүү зайлшгүй чухал зүйл бол яалт ч үгүй хандлага. Ямар ч ажилд чин сэтгэлээсээ ханддаг, хэнтэй ч чин сэтгэлээсээ ярилцаж, харилцаж чаддаг тийм хүнд чадахгүй зүйл гэж нэг ч байдаггүй юм шиг ээ,.. Бага зэрэг бодит талаас нь хариулах гээд үзвэл “Аливаа зүйлийг багаас эхлэх” нь чухал гэж боддог. Бид нар бизнес хийнэ гэхээр маш их хөрөнгө мөнгө, төсөв санхүү орно гэж боддог ч 100’000 төгрөгтэй байсан ч бизнес эхлүүлэх боломжтой. Гол нь ихээр биш багаар, тооцоолол сайтай эхлүүлэх нь үр дүнд хүргэж чадна. Одоо бол онлайн худалдаа хөгжсөн ийм сайхан цаг үед бид халаасандаа хэдэн ч төгрөгтэй байсан, худалдаа эрхлэх боломжтой болсон шүү дээ. 

Орчин үеийн технологи, хиймэл оюун ухааныг ажилдаа хэрхэн ашиглаж байна? 

Мэдээж үндсэн платформууд болох Фэйсбүүк, Инстаграм, Вайбер, Business suite гэх мэт аппликейшнуудын тусламжтай өдөр тутмын борлуулалт, үйл ажиллагаа явагддаг. Мөн нэмэлтээр pinterest, canva, chatgpt болон эвлүүлгийн аппликейшнуудыг тогтмол ашигладаг. Эхэнд дурдсан аппликейшнуудаар бол үндсэн борлуулалтаа хийдэг. Харин сүүлд дурдсан аппликейшнуудыг маркетинг, сурталчилгаагаа хийхэд түлхүү ашигладаг. Ер нь их гоё шүү. 

Яг өнөөдрийн байдлаар бизнес нь ямар түвшинд явж байна?

Start-up буюу гарааны бизнесийн түвшинд явж байгаа. Мөн бичил үйлдвэрлэл ч гэж хэлж болно. Жилийн өмнө гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан  бол одоо нийт наймуулаа болж бүл нэмсэн байна. 

Ажилчидтайгаа хэрхэн цагийг өнгөрүүлдэг вэ? 

Ажилчид гэхээсээ илүү хамтрагчид гэж харах, ярих дуртай. Бид хамтдаа аль болох хөгжилтэй яриа дэлгэж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Ажлынхаа дундуур хамтдаа хооллох, амарч байгаа үедээ хааяа салхинд гарах гэх мэтээр цагийг өнгөрүүлдэг. Мөн үндсэн ажилладаг хүмүүсээс гадна хамтарч ажилладаг хэвлэл, хатгамлын гэх мэт олон байгууллагууд байгаа. Наадам, цагаан сар, шинэ жил гэх мэт өргөн тэмдэглэгддэг баяруудаар ANT-тай хамтарч ажилладаг бүх хүмүүстээ гарын бэлэг бэлэглэхийг зорьдог. 

Ажилд шинээр орж буй хүнээс болон ажилчдаасаа захирлын хувьд ямар үнэт зүйлийг хүсдэг вэ? 

Ажлын хуваарилалтаас хамаараад өөр өөр зүйл хардаг. Эсгүүр, оёдол хариуцаж байгаа бол нямбай, хариуцлагатай, яс тас байдал чухал бол худалдааны зөвлөх маань илүү уян хатан буюу эерэг хандлагатай, бүтээлч байвал зохимжтой санагддаг. 

“Ер нь нэг зорилгын дор ажиллаж байгаа тул энэ чиглэлд хоббитой байх нь хамгийн чухал” 

Ингэснээр хийж буй зүйлээсээ кайф мэдэрч, жаргаж ажиллах боломжтой болно 

Анх брэндээ үүсгээд явж байхад гэр бүл, ойр дотны хүмүүс нь хэрхэн хүлээж авсан, яаж тусалж байсан бэ? 

Ер нь ямар ч үед эргэн тойрны хүмүүс маань үргэлж гоё урмын үгээр тэтгэж, зоригжуулж, цэнэглэж ирсэн. Гэр бүл, найз нөхөд, хуучин ажлын газрын хамт олон гээд л маш олон хүн дэмжиж, захиалга өгч байсан. Гэр бүлийн хувьд гэвэл, аав маань илүү ул суурьтай, тооцоотой, ухаалаг хандахыг зөвлөсөөр ирсэн. Харин ээж маань миний өөртөө итгэх итгэлийг бүр тултал өгч чаддаг (инээв). Ер нь хүн хүндээ өгөх хамгийн сайхан зүйл, хамгийн сайн тус бол урмын үг л гэж боддог доо. 

Өөрийн чинь хийж бүтээж буй зүйл нийгэмд яаж нөлөөлөөсэй гэж бодож байна вэ? 

Яг энэ талаар тухтай бодож байгаагүй юм байна. Нийгэмд эерэг, зоригтой байдлаар нөлөөлөх юм болов уу. Наад зах нь манай хувцсыг өмссөн хүн өөртөө итгэлтэй, зоригтой алхахаас гадна энэ чиглэлээр гарааны бизнес эрхлэх гэж буй хүмүүст ингэж ажиллаж болж байна шүү гэдэг урам, зоригийг өгөх байх. Цаанадаж том хүрээгээр харвал олон хүнийг, эерэг сэтгэл ханамжтай ажиллах ажлын байраар хангадаг болчихвол тэр л нийгэмд нөлөөлж буй сайн жишиг болно гэж бодож байна. 

Загварын хувьд илүү үндэсний хэв маягийг шингээхийг хичээдэг гэж ойлгосон. Таны хувьд үндэсний хэв маягийг яагаад чухал гэж бодсон бэ? 

Одоогоор манайд түлхүү европ эсгүүртэй хувцас зонхилж байна. Цаашлаад бидний зорилт бол ерөөсөө л үндэсний хэв загвар. Час хийсэн гоё бүтээл маш их судалгаа, чанартай туршлагын үндсэн дээр бий болно. “Хувцас гэдэг бол өв, соёл” гэж би нэг том хүний ярианаас сонсож байсан юм. Сонссон цагаас хойш санаанаас огт гараагүй. Нэг үеэ бодоход хүмүүс үндэсний хэв маягтай хувцсыг их сонирхож өдөр тутамдаа ашигладаг болсонд нь баярлаж явдаг. Гэхдээ нэг эргэлздэг ч гэх үү, эмээдэг зүйл нь “Монгол үндэсний” гэсэн хэв шинжээ алдчих вий дээ гэж айдаг. Одоо Хятад, Монгол гээд хоёр өөр үндэстний хувцсыг барууны орныхон хараад ялгахгүй тохиолдол гардаг. Сүүлийн үеийн дээл хувцаснуудыг орчин үеийнх болгож байна гээд арай л урд зүгийн шинжтэй болгоод байгаа мэт санагддаг аа.  

Мотиваци авдаг хүн, энэ чиглэлийн уран бүтээлч байгаа юу? Үргэлж хичээх ёстой гэдгийг сануулж өгдөг хүн бий юу? 

Бяцхан хүүгээсээ хамгийн том урам, эрч хүч, хайрыг авдаг. Уран бүтээл талаас гэвэл “Michel&Amazonka”, “The Dorch” гэх зэрэг брэндүүдийг Монголоо таниулж байгаа үлгэр жишээ брэндүүд гэж боддог. Мөн өглөө болгон уудаг аяга кофегоо мартаж болохгүй байх. Товчхондоо гэвэл нэг иймэрхүү л.

Цаашдын зорилго нь юу байгаа бол? 

Ойрын зорилго гэвэл илүү үндэсний хэв загвар агуулсан, өдөр тутамд өмсөх боломжтой, оюуны өмчөөр баталгаажсан загваруудыг гаргах зорилготой байгаа. Мөн энэ жилдээ амжвал дэлгүүрээ томсгож, байршлыг нь өөрчлөх бодолтой байна. Бүр холын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцвал гадны зах зээлд Монгол үйлдвэрлэлээ таниулж, өөр улсад салбартай болохыг хүсэж мөрөөддөг дөө… 

Ярилцсанд баярлалаа. 

К.Золзаяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН