НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо. Уг санал солилцсон уран бүтээл болох БНСУ-тай хамтарсан “Тhat day” кино төслийн зохиол нь Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учралын санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хий” үндэсний хөдөлгөөн, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаярын санаачилсан “365 хоног эвдрээгүй ирээдүйг бүтээе”, “365 хоног анхаарч, хайрлая” зэрэг аяны зорилготой нийцэж байгааг талууд хэлэлцлээ.
Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал “Хүүхэд өсвөр үеийнхний дунд үүсээд буй дээрэлхэлт цаашлаад гэмт хэрэгт өртөх эрсдэлт үйлдлээс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх нөлөөллийн кино төслийг дэмжин хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
“Тhat day” кино төслийн уран бүтээлчид болох “Бросис Пикчерс” ХХК нь Монголын ирээдүй болсон хүүхэд, өсвөр үеийнхнийг кино урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, зөв төлөвшилтэй иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор сүүлийн 10 жилд хүүхдийн кино, дуу, контент “Том 4 толгой”, “Том 6 толгой”, “Том амжилт”, “Том тоглоом”, “Гурван эрдэнийн эрэлд”, “Өвөөгийн хайр” зэрэг уран бүтээлийг туурвиж, кино, урлагийн фестивалиудад амжилттай оролцож иржээ.






