Нүүр хуудасМэдээНИЙСЛЭЛ: Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн газар эзэмших...

НИЙСЛЭЛ: Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй “Меридиан” ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна.

Тодруулбал, “Меридиан” ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Гэвч одоог хүртэл барилгын суурийн ажил дуусаагүй байгаа юм. Энэ нь тус хорооны оршин суугчдын орчны аюулгүйд нөлөөлж байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаарх гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа ирүүлжээ. Иймээс Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг цуцаллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр албан ёсоор цуцалж байна. Уг газрыг цаашид хэрхэн ашиглахыг оршин суугчдын саналаар шийднэ. Тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулах саналыг хэлсэн. Дүүргээс газрын ашиглалтын талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг үндэслэж, бүтээн байгуулалт хийнэ. Харин “Меридиан” ХХК-тай дахин маргаан үүсгэхгүй. Тухайн компанийн газрын асуудлыг Сэлбэ дэд төв орчимд шийдвэрлэж өгнө” гэв. Мөн тус хорооны 2А байрны баруун талын газрын сонсох ажиллагааг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН