Нүүр хуудасМэдээНийслэл: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч...

Нийслэл: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Игавахара Масарү нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон бөгөөд уулзалтын үеэр талууд хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Монгол Улс, Япон Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсаас Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод Нарны гүүр, Япон-Монголын эмнэлэг, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийснээс гадна Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлсэнд нийслэлчүүд талархалтай байдгийг Хотын дарга онцлов.

Улаанбаатар хот нь Японы Токио, Саппоро, Мияконожо зэрэг хотуудтай эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эдийн засаг зэрэг салбарт амжилттай өрнөж буйг талууд онцолж, цаашид хот төлөвлөлт, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд 2022 онд тэмдэглэн өнгөрүүлсэн. Японы талаас жил болгон соёлын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ оны наймдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Японы соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Элчин сайд Игавахара Масарү хэлсэн юм. Түүнчлэн Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны эхэнд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нийслэлчүүдэд талархал илэрхийлэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН