Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, төрсний дараах хөхний зөв арчилгааны талаар эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтад ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, Өргөө амаржих газар, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газрын эмч, сувилагчид, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш нар, “Гүн Билэг Оюу” ТББ-ын зэрэг төлөөллүүд оролцлоо.
Япон Улсын багш нарын удирдан явуулсан сургалтаар тус улсад боловсруулсан BS Care® аргачлалд суурилан эхийн сүүгээр хооллолтыг дэмжих, хөхний арчилгааг зөв хийх арга барилыг танилцууллаа.
Энэхүү санаачилга нь эхийн сүүгээр хооллолтыг дэмжих тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эхчүүдэд хөхөө арчлах зөв дадлыг төлөвшүүлэх, хөхний үрэвсэл хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг түгээх, эх, хүүхдэд ээлтэй, тусламж, үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Мэргэжилтнүүд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж, хамт олондоо түгээн дэлгэрүүлэх замаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх боломж бүрдлээ.





