Улсын Их Хурал дахь Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд даргын хувиар Ц.Мөнхбат гишүүн болон Б.Жаргалан гишүүн нар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламентын Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын байнгын хорооны дарга Орзигуль Козихонова тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.10.12/-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад болж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй тус улсын парламентын төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ. Мөн Монгол Улсын хувьд Бүгд Найрамдах Узбекистан Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш хэмээн үзэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хэрэгжүүлсэн харилцан айлчлалын үр дүнд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат хоёр орны парламентын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ хүрээнд харилцан туршлага солилцох уулзалтуудыг тогтмолжуулахад санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.





