Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын нэр бүхий 24 шүүгдэгчид холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2023 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нэр бүхий 24 шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оноолоо.
Шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 /хясан боогдуулах аргаар хахууль авах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил 6 сарын хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ялаар;
-Шүүгдэгч Ү.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах/, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Хахууль авах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгөөр торгох ялаар,
– Шүүгдэгч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Хахууль авах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Д.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Н.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябр, Б.Цацралт-Од нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /нийтийн албан тушаалтан хахууль өгөх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Н.Мөнх-Эрдэнэд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.500.000 төгрөгөөр торгох ялаар,
Р.Октябрт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Б.Цацралт-Одод нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч Д.Гантөмөр, Т.Ариунаа, Б.Галхүү, Ц.Наранбаяр, Ж.Нэргүй, Б.Амаржаргал, М.Золтуяа, Б.Ганзориг, О.Тамир, Г.Насандэлгэр, С.Энхболд, М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хахууль өгөх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Д.Гантөмөр, Т.Ариунаа нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
-Б.Галхүү, Ц.Наранбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500.000 төгрөгөөр торгох ялаар,
-Ж.Нэргүйд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Б.Амаржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-М.Золтуяа, Б.Ганзориг нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-О.Тамир, С.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Г.Насандэлгэрт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэлээ.
Шүүгдэгч М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хахууль өгөх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орсон, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.