7.1 C
Ulaanbaatar
Ням, 26 9 сар 2021 16:58:42
Нүүр хуудасНийтлэлН.Энхбаярын улс төрийн замнал нэг мөр дуусах уу?

Н.Энхбаярын улс төрийн замнал нэг мөр дуусах уу?

Сонгуулийн хууль батлагдлаа. Цоо шинэхэн хуулинд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нарын гаргасан *авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй* хэмээх заалт дэмжигдэж батлагдсан юм.

Энэ нь төр барилцах нэрээр парламентын танхимд шургалж албан тушаалын давуу байдлаа ашиглан гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг улс төрийн тавцангаас зайлуулах маш том заалт болж өгч байгаа юм. Мэдээж энэ бол ёс зүйн хэм хэмжээг үл ойлгогч төр, албан тушаалын төлөө зүтгэгч нарт маш өндөр босго болж өгсөн чухал заалт болсон билээ.

Гэтэл энэ заалт зарим нэг хүмүүсийн эрх ашгийг хөндсөн хэрэг болж хувирав. Учир нь хэдийнэ ялаа эдэлчихсэн иргэнийг өөр нэг хуулиар давхар яллаж хүний эрхийг зөрчиж байна гэсэн асуудал гарав. Үүний жишээгээр МАХН-ын дарга Н.Энхбаяр тодроод байна. Нэг алдаан дээр нь дөрөөлж дараагийн боломжийг нь үгүй хийсэн дан ганц нэг хүнд зориулж гаргасан хууль боллоо хэмээн гомдол тээж яваа Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэц болоод НҮБ-д хандана хэмээн байр сууриа илэрхийлсэн сурагтай. Юм л болохоор Монголчуудаа гадагшаа төлбөртэйгээр матах дуртай нэгэн болжээ.

Өмнө нь буюу 2008 онд ҮХЦ дээр ийм төрлийн маргаан үүсч УИХ-ын эсрэг шийдвэр гарсан тохиолдол бий учраас Н.Энхбаярт зориулсан заалт гэгдээд байгаа авлигын хэргээр ял эдэлж байсан иргэнийг дэвшүүлэхгүй байх заалт цэц дээр унах магадлалтай гэж үзэх гишүүд байгаа юм.

Гэхдээ ҮХЦ сонгуулийн хуулийн энэ заалтыг хамгаалж үлдэх зайлшгүй бас нэг шалтгаан бий.

Учир нь Авлигийн эсрэг НҮБ-ын конвенцид:   

“7. оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээдийн дараахь үйл ажиллагаа явуулах эрхийг дотоодын хуулиараа тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэр буюу зохих аливаа бусад хэрэгслээр хасах журмыг тогтоох асуудлыг эрх зүйн тогтолцооныхоо тулгуур зарчимд нийцсэн хэмжээнд авч үзнэ:

(a) нийтийн алба хаших;

(b) нийтийн өмчит буюу нийтийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид алба хаших”… гэж заасан байдаг байна.  

Монгол улс НҮБ-ын конвенцийг дагаж мөрдөх үүрэгтэй.  Тэгэхээр  Үндсэн хуулийн цэц  “Авлигийн эсрэг НҮБ-ын конвенцийн* дагуу сонгуулийн хуулиар авлигчдын нэр дэвших эрхийг хязгаарласныг хэрэгсэхгүй болгож чадахгүйд хүрч байгаа юм.

Нөгөө талаас Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдоод удаагүй байгаа Н.Чинбатыг ямарч үед УИХ-ын талд зогсох тохироотойгоор энэ суудалд суусан гэх шум бий. Энэ яриа үнэн бол Н.Энхбаярын гомдлыг Үндсэн хуулийн цэц ч тэр НҮБ ч тэр хүлээж авахгүй нь бололтой.

Байдал ийм дээрээ тулвал МАХН-ын дарга Н.Энхбаяр хичнээн гомдол гаргасан ч нэмэргүй нэг мөр улс төрийн тавцангаас арчигдах магадлалтай болж байна.

Магадгүй энэ нь Монголын төр цэвэрлэгдэх эхлэл ч болж болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН