Нүүр хуудасМэдээОБЕГ: Онцгой байдлын байгууллагын 2023 оны онцлох үйл явдлууд

ОБЕГ: Онцгой байдлын байгууллагын 2023 оны онцлох үйл явдлууд

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, 372,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд 2023 онд нийт 4223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8260 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 372,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тухайлбал, Нийслэлд тохиолдсон үерт Онцгой байдлын байгууллагын болон гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын нийт 14 мянга гаруй ажилтан, алба хаагч, 2000 гаруй техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж, 3974 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.

Мөн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Бүрэн сумдын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн холбогдох байгууллагын нийт 140 гаруй алба хаагч, 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр 350 орчим км орон нутгийн замд гарц гаргаж, цасанд саатсан 30 автомашин, 51 иргэнийг цаснаас татан гаргасны зэрэгцээ 25 малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлж, өвс, хүчит тэжээл тээвэрлэхэд дэмжлэг үзүүллээ.

Монгол Улсын эрэн хайх, аврах баг БНТУ-д үүрэг гүйцэтгэж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан 35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг БНТУ-д тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэлээ.

Эрэн хайх, аврах багийнхан 2023 оны 2 дугаар сарын 08-16-ны өдрүүдэд дэлхийн 70 орчим улсын 11 мянга гаруй аврагчидтай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж эрүүл мэндийн байгууллагад, 19 (үүнээс 6 хүүхэд) буцалтгүй нэрвэгчдийг гаргаж холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бөгөөд эмнэлгийн бүлэг нь 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн. Ийнхүү Монгол Улсын аврах баг гүйцэтгэл, мэргэжлийн ур чадвараар олон улсын түвшинд хүрсэн шилдэг алба хаагчид болохоо батлан харууллаа.

Мөн гамшигт нэрвэгдсэн БНТУ-ын ард, иргэдэд улсын нөөцөөс 5 тн махан нөөш,1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр зэрэг нийт 331,3 сая төгрөгийн бараа илгээж, 50,000 долларын мөнгөн тусламжийг үзүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг батлууллаа

Хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 38 сая еврогийн санхүүжилт олгох бөгөөд “Онцгой байдлын байгууллагын агаараас эрэн хайх, аврах ангийг чадавхжуулах, гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлнэ. Төслийн хоёрдугаар үе шат хэрэгжсэнээр Онцгой байдлын байгууллагын Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны бие даан үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлж, нисгэгч аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмч, сувилагч, нисдэг тэрэгний засвар үйлчилгээ хийх инженерийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, холбогдох программ хангамж, хэрэгслийг сайжруулах юм.

Түүнчлэн төслийн хүрээнд гал түймрийг хөөсөөр унтраах тусгай зориулалтын автомашин, автомеханик шатны автомашин, хөөс үүсгэгч бодис нийлүүлэгдэж Онцгой байдлын байгууллагын техникийн төрөл, хүчин чадлыг нэмэгдүүлснээр бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Стратегийн команд штабын сургуулийг зохион байгууллаа

“Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдвээр стратегийн команд штабын сургуулийг анх удаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэсэн дөрвөн байгууллага хамтран зохион байгууллаа.

Сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд  АНУ-ын Ойн албаны сургагч багш нартай хамтран “Удирдах бүрэлдэхүүний сургалт”-ыг нийт 685 удаа, танхим болон цахим хэлбэрээр 1114 цагийн турш зохион байгуулж, 67250 удирдах албан тушаалтныг хамруулсан нь сүүлийн 5 жилд гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалтад хамруулсан бүрэлдэхүүнтэй дүйцхүйц бүрэлдэхүүнийг хамруулсан онцлог үзүүлэлт болсон  юм.

Түүнчлэн газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, штабын бэлтгэл, ажиллагааны удирдлагын чадавхыг бэхжүүлэх зорилготой тус сургууль нь гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, НҮБ-ын суурин зохицуулагчийн ажлын алба, 12 хүмүүнлэгийн тусламжийн сектор, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн нийт 4000 гаруй төлөөллийг оролцуулсан үндэсний хэмжээний анхны стратегийн команд штабын сургууль болсноороо онцлогтой.

“Эрсдэл ба стандарт” сэдэвт Эрсдэлийн үндэсний форум

Улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг эрэлхийлж, төр, хувийн хэвшил, иргэний зүгээс эрсдэлийг удирдахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай  хамтран 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Эрсдэл ба стандарт” сэдвийн хүрээнд Эрсдэлийн үндэсний форумыг зохион байгуулав.

Тус форумд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Форумын үеэр “Эрсдэлийн удирдлага ба тогтвортой байдал”, “Гамшгийн эрсдэл ба бэлэн байдал”, “Гамшгийн үеийн нийгэм хамгааллын асуудал, хүн амын эрүүл, аюулгүй байдал”, “Хүнсний аюулгүй байдлын асуудал, барилга, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарын эрсдэл ба стандарт”, “Гамшгаас хамгаалах бэлэн байдал, үндэсний чадавх” зэрэг асуудлаар холбогдох салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлт гаргалаа.

Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхыг дээшлүүллээ

Онцгой байдлын байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд улсын төсвөөс алба хаагчдын албаны болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 2,6 тэрбум, тусгай зориулалтын хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн хангалтад 7,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр өнгөрсөн оноос автомашины хангалт 11.7 хувиар, техник, тоног төхөөрөмжийн хангалт 24.8 хувиар өссөн байна. Түүнчлэн улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжлийн сургалтын төвийн барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2023 онд Онцгой байдлын албаны хэмжээнд барилга байгууламжийн засварын ажилд шаардлагатай 1,9 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2023 оны мн/346 тогтоолоор “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Төв аймгийн Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр анги, Засгийн газрын 2023 оны мн/190 тогтоолоор Булган аймгийн Дашинчилэн суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн үйл ажиллагааг тус тус эхлүүлэв.

Хөвсгөл нуурт живсэн автомашин, тээврийн хэрэгслийг илрүүлэн татан гаргаж, байгаль экологид учрах эрсдэлийг бууруулав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлэв.

Томилогдсон ажлын хэсэг Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн боловсруулсан ажиллагааны бодлого-төлөвлөгөө, технологийн картын дагуу Хөвсгөл нуурийн усанд 7-55 жил болсон нийт 7 автомашин, тээврийн хэрэгслийг нуурын 33.4-128 метр хүртэлх гүнээс татан гаргаж, нийт 47.7 тн шатахуун тос, тосолгооны материалын бохирдлыг аюулгүй болгож, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэж, үүсэж болох эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмрийг орууллаа.

Тус ажлыг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, 111, 113, 115, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн нийт 100 гаруй алба хаагч, 50 гаруй тусгай зориулалтын техник, БМК-130 чирэгч болон аврах катер, хэрэгсэлтэйгээр 2023 оны 6 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 85 хоног ажиллан, амжилттай гүйцэтгэсэн юм.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд

Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчилсан. Хуулийн дагуу энэ онд 400 гаруй албан хаагчдад 8.4 тэрбум төгрөгийн урамшуулал олголоо.

Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зэрэглэлд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 488, 2023 оны 241 дүгээр тогтоолоор 2 удаа өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2023 оны тушаалаар албан тушаалын ангилал зэрэглэлд өөрчлөлт оруулж, алба хаагчдын цалин, хөлсийг 2022 онтой харьцуулахад дунджаар 55 хувиар нэмэгдүүллээ.

Улсын төсвийн 2.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын шинэ барилгыг ашиглалтад оруулж, алба хаагчдын ажиллах орчныг сайжрууллаа.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Улсын нөөцийн анги, салбар, цэгийн төрийн үйлчилгээний 24 албан тушаалын 303 албан хаагчийн ангилал, зэрэглэлийг үе шаттайгаар төрийн тусгай зэрэглэлд шилжүүлэхээр шийдвэрлэв. Ингэснээр улсын нөөцийн алба хаагчдын 99% нь төрийн тусгай алба хаагч боллоо.

Хүний нөөцийн нөхөн хангалт 82.5 хувьд хүрлээ

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу дотоодын 33 удаагийн сургалт, семинарт давхардсан тоогоор 2911 алба хаагчийг, гадаадын улс, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн хүрээнд долоон удаагийн сургалт, дадлагад давхардсан тоогоор 170 алба хаагчийг, нийтдээ 40 удаагийн сургалтад 3081 алба хаагчийг хамруулсан байна.

Тодруулбал,

-ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академи, Сант-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуульд 65, Польш улсын Цэргийн урлагийн академид 2, Турк Улсад 5, Японд 3, Тайландад 2, Солонгост 3, нийт 80 алба хаагчийг гадаад улсын их дээд сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрт бэлтгэж байна.

Мөн ДХИС-ийн Гамшиг судлалын докторын хөтөлбөрт гурав, ДХИС-ын Удирдлагын академийн “Онцгой байдлын стратеги, тактик” хоёр жилийн өдрийн хөтөлбөрт тав, “Хууль сахиулах удирдлага”-ын 1.5 жилийн хөтөлбөрт-16,  нийт 21,

-ДХИС-ийн Гамшиг судлалын магистрын хөтөлбөрт-22,

-ҮБХИС-ийн Удирдлагын академид нэг, 

-ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн гурав болон таван жилийн эчнээ хөтөлбөрт 119 алба хаагч суралцаж байгаа бол ДХИС-ийн Ахлагчийн сургуулийг аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч мэргэжлээр 239 сонсогч төгсөж, одоогийн байдлаар 112 сонсогч суралцаж байна.

Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан иргэдэд сурталчилгаа мэдээллийг хүргэж байна

Онцгой байдлын ерөнхий газрын цахим мэдээллийн сангийн ”2017-2023” оны гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик судалгааг, ангилан нэгтгэж, өргөтгөн сайжруулж, “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийн нэгдсэн дашбоард” цахим системийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээ, судалгааг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд цахимаар авах боломжийг бүрдүүлэв.

Орчин цагийн техникийн шинэчлэл, цаг үеийн хэрэгцээ, шаардлага, иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн албаны nema.gov.mn сайтыг, төрийн байгууллагын вэб сайтад тавих стандартын дагуу шинэчилж, зөвлөмж мэдээллийн төрөлжсөн “ОБЕГ-ын урьдчилан сэргийлэх газар” пейж хуудас, Belenbai.mn сайтыг шинээр нээлээ.

Хиймэл оюун ухаан буюу AI технологи дээр суурилсан хэвлэл мэдээллийн ажилтан зарим мэдээ мэдээллийг түгээдэг боллоо. Үндсэн фэйсбүүк хуудасныхаа мессенжерт “чатбот” буюу автомат хариулагчийг нэвтрүүлж, иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлж өгөв.

Ийнхүү бүхнийг хүний хүчээр гүйцэтгэх бус технологийн дэвшлийг ашигладаг болсон нь мэдээ, мэдээллийг өдөр, шөнийн аль ч цагт дэлхийн хаанаас ч авах боломжийг бүрдүүлж, аль ч насны хүн, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч өөрийн сонирхдог хэв маягаар мэдээлэл авч чаддаг болсон нь гамшиг ослыг бууруулах, дасан зохицож, урьдчилан сэргийлэх бидний үндсэн зорилгод нийцсэн  үр дүнтэй шийдлүүд байлаа.

Түүнчлэн 2023 онд байгууллагын nema.gov.mn сайт, Онцгой байдлын ерөнхий газар, “ОБЕГ-Урьдчилан сэргийлэх газар” пэйж хуудас болон твитер хуудсанд цаг үеийн мэдээ, мэдээлэл сэрэмжлүүлэг, постер, дүрс бичлэг нийт 4067 төрлийн мэдээлэл байршуулан олон нийтэд сурталчилсан нь давхардсан тоогоор 121 сая хүнд хүрсэн үзүүлэлттэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.9 хувиар өссөн үзүүлэлт юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН