16.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 15:24:26
Нүүр хуудасМэдээСенсацитай явдлууд Монголоор “ДҮҮРЭН”...

Сенсацитай явдлууд Монголоор “ДҮҮРЭН”…

Сүүлийн хэдэн өдөр Засаг төр нь ч тэр, сайд дарга нар нь ч тэр сенсацитайхан сэдэвт өртөх боллоо. Хажуугаар нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийн асуудал, шүүх хурлын дуулианууд гээд Монголд сенсацигүй өдөр ч гэж үгүй болжээ. Тэдгээрээс цөөн үгээр, цөөн хэдийг нь онцолвол…

Сенсаци нэг: Л.Оюун-Эрдэнэ-ийн дуулиантайхан аялал жуулчлалын цогцолборууд…

ЗГХЭГ-ын дарга, Монгол улсын сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтийд бариулж буй цогцолборын төсөв санхүү их, төсөөлж байснаас өөр болсон баримал хөшөөнүүд  нь одоо ч хэл ам дагуулаастай. Тодруулж хэлбэл, Чингис хааны мэндэлсэн Хэнтий нутгийг аялал жуулчлалын бүс болгох төслийн эхнийх нь “Андлалын өргөө” болж, цаашлаад 4-5 цогц төслийг хэрэгжүүлж буй нь Норовлин суманд “Шихихутаг, Их засаг”, Биндэрт “Их хуралдай”, Дадалд “Чингис хааны тахилын сүм” цогцолбор барих ажил болж байна. Тус бүр нь хоёр тэрбумын өртөгтэйгөөс гадна Азийн хөгжлийн банкнаас санхүүжилт авч хэрэгжүүлж байгаа ажил юм. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ дангаар шийдчихээгүй, Засгийн газрын шийдвэр гэдэг нь мэдээж. Гэхдээ олон нийтийн шүүмжлээд байгаа гол асуудал нь их мөнгөөр бага ажил, бодож байснаас нь уран сайхан, гоо зүй муутай байгууламж болж байна гэдэгт байгаа болов уу. Арга ч үгүй л дээ зурагнаасаа өөр болчихоор төсөөллөөс доогуур зүйл хэнд ч таалагдахгүй нь мэдээж. Гэхдээ энэ асуудлаар зарим нэг нь эхлээд шүүмжлэх биш, баригдаж дуусахаар нь дүгнэлтээ хий гэж өмөлзөж байгаа харагдсан. Харин бид өнгөц төдий, эсвэл зурагханаар энэ асуудалд хандаж болохгүй байх. Юун түрүүнд “Андлалын өргөө”-г хөшөө биш аялал жуулчлалын байгууламж гэдгээр нь харах хэрэгтэй гэж төслийн багийнхан дизайнерууд нь хэлж байна билээ. Ямартай ч бүрэн дуусах үед нь ард түмэн дүгнэлтээ хийнэ биз, харин тэр аялал жуулчлалын байгууламжаа хэлсэн шигээ л үзэмжтэй, үзүүштэй, тэгээд чанартай бариарай даа. Тэрний дараа бол Л.Оюун-Эрдэнэ сайд хариуцлагын тухай ярьж болох биз ээ. Харин Монголын ард түмэнд төсвийн мөнгөнд анхаарах, зөв зүйлд зарцуулсан үгүйд санал шүүмжлэлээ өгөх эрх нь байгаа шүү…

Сенсаци хоёр: Сайдаа давсан гишүүний үүрэг…

Сайдаа давж үүрэг өгдөг гишүүний зураг сошиалаар л нэг явж байна. Учир нь УИХ-ын гишүүн Б.Баярсайхан орон нутагт ажиллах үеэрээ Завхан аймгийн засаг даргад хугацаатай үүрэг өгсөн тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэлсэн юм. Үүнээс үүдэн Ерөнхий сайдын ажлыг өмнөөс нь хийгээд явна уу, эсвэл өөрийн үндсэн ажлын чиг үүргээ мэдэхгүй явна уу гэх шүүмжлэлийг хүртээд авлаа. Энэ байдлаараа шинээр сонгогдсон гишүүд ч эхнээсээ шүүмжлэлийг харамгүй хүртэх нь бололтой. Б.Баярсайхан гишүүний хувьд аймгийн даргад хугацаатай үүрэг өгсөн нь, Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цэргийн дүрэмт хувцас өмссөн нь хууль зөрчсөн үйлдэл болов уу??? Яг юу болоод өнгөрөв…

Сенсаци гурав: Өгсөн, авсандаа өлзийтэй байг ээ…ЖДҮ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хэрэг буюу ЖДҮ-чид… Эргэн сануулахад УИХ-ын 49 гишүүн 2016-2020 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-аас 250 саяас 3.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

АТГ-ын зүгээс энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн асанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн юм. Жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан тэдгээр нэр бүхий хүмүүст эхнээс нь шүүхээс ял оноож байна. Түүний нэг нь УИХ-ын гишүүн асан А.Ундармаад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт “Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох” гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлснээр тун саяхан түүнд 2.6 жил хорих ял оноож байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” ХХК-д 800 сая төгрөгийн зээл авсан нь ийнхүү ял болж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болж байна.

Гэхдээ энэ зээлийг өгсөн сайд асан Б.Батзориг нь 40 сая төгрөгөөр торгуульж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан төдий өнгөрч байна. Зээл авсан Б.Ундармаа нь 2.6 жид, Г.Солтан нь 3 жил хорих ялаар шийтгүүлж байх жишээний. Үлдсэн ЖДҮ-чид нь яах бол… Шүүхийн шийдвэрийг яалтай билээ. Өгсөн, авсандаа л өлзийтэй байг дээ…

Сенсаци дөрөв: Хаалгаа цоожилдог эрхлэгчийг хэн томилов…

“129 дүгээр цэцэрлэг”-ийн багш нар хууль бус гэж үзсэн эрхлэгчийнхээ томилгоог эсэргүүцэн суулт хийж, өлсгөлөн зарлахдаа тулав. Анх 2014 оны 10 дугаар сард тохилогдож байсан гэх эрхлэгч Ө.Алдармаа нь энэ сарын зургааны өдөр тамгаа аван дахин эрхлэгч болсноор багш нарын эсэргүүцэлтэй тулгарлаа. Багш нарын зүгээс Эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа эрхлэгчтэй хамтран ажиллах боломжгүй, өмнөх эрхлэгчээс нь хүчээр тамга тэмдгийг нь авсан, ажлын байрны дарамтгүй ажилламаар байна гэж мэдэгдэж байгаа. Харин эрхлэгч Ө.Алдармаагийн зүгээс хуулийн дагуу ажиллаж байгаа, хүний эрх нэр төрд халдаж болохгүй гэж мэдэгдсэн. Ямартай ч үүссэн нөхцөл байдал хүндхэн, багш ажилчдын эсэргүүцэлтэй тулгарсан эрхлэгч үнэхээр тушаал заавар өгч хаалга үүдээ дотроос нь түгжүүлээд байна уу? Эсвэл үүний цаана хэн нэгэн эрх мэдэлтний, эсвэл намын томилгоо байна уу? гэдгийг хэлэхэд хэцүү юм. Цаашид энэ эсэргүүцэл ямар шийдвэрээр дуусах нь ч тодорхойгүй хэвээр байна…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН