Нүүр хуудасМэдээСЗХ: Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг Бээжин хотноо боллоо

СЗХ: Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг Бээжин хотноо боллоо

“Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн өдөрлөг” БНХАУ-ын Бээжин хотноо өнөөдөр боллоо. Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци” ТББ хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт уул уурхайн компаниуд, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч компаниуд болон БНХАУ-ын худалдан авагч талууд зэрэг нийт 130 гаруй төлөөлөгч оролцсон юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “УИХ-аас ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгохын зэрэгцээ баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтооход чиглэсэн бодлого, чиглэлийг гаргаж УИХ, Засгийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд хийсэн онцлох ажлуудын нэг бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан явдал юм. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах, зах зээл дээр бодит үнэ тогтох боломжтой болох зэрэг үр өгөөжийг шингээсэн эрх зүйн үндэс бий болсон. Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон биржийн арилжааны зуучлагчдад тусгай зөвшөөрөл олгож үйл ажиллагаанд нь хяналт, зохицуулалт тавьж ажиллахын зэрэгцээ холбогдох дүрэм, журмыг боловсруулан баталж, зохицуулалтын орчныг бий болгоод байна. Ийнхүү уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нөхцөл бүрдсэнээр салбарын өсөлт, хөгжилд томоохон нөлөө үзүүлэх боломж бүрдсэн. Иймээс цаашид бид биржийн арилжаанд тавих хяналтыг сайжруулах, брокеруудын чадавхыг бэхжүүлэхэд илүүтэй анхаарч, арилжаа эрхлэх байгууллагатай хамтран ажиллаж байна” гэдгийг онцолсон юм.

Энэ үеэр Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээл, өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд оролцох боломж, давуу тал, туршлага болон уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч компаниудын талаар танилцуулга, мэдээллийг өгсөн бөгөөд цаашид хоёр улсын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарт тулгуурласан экспортын бүтээгдэхүүний өсөлт, энэ салбарын эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН