Нүүр хуудасМэдээСогтуу жолооч хүний амь нас хохироосон хэрэгт дөрвөн жилийн хорих ял оноож,...

Согтуу жолооч хүний амь нас хохироосон хэрэгт дөрвөн жилийн хорих ял оноож, ар гэрт нь 118 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэлээ

Шийдвэрийн дугаар: 2024/ШЦТ/1215 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Прокуророос иргэн Р.И-г Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж согтуурсан үедээ дугуйтай зорчигчийг дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

Шүүх иргэн Р.И-д холбогдох хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд иргэн Р.И-г согтуурсан үедээ Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын “Содон Car Wash” авто угаалгын газрын урд замаар зорчиж явсан дугуйтай зорчигч иргэн Э.Г-г мөргөж зам тээврийн осол гарган уг ослын улмаас иргэн Э.Г-д амь насыг нь аврах боломжгүй хүнд гэмтэл учирч амь нас хохирсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд Р.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно. /Уг зүйл анги нь 1-5 жил зорчих эрх хязгаарлах, 2-8 жилийн хорих ялаас сонгон оногдуулах ялтай/

Мөн уг хэргийн улмаас амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 118,800,000.00 төгрөгийг шүүгдэгч Р.И-с гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Ч-д олгохоор шийдвэрлэв.

Шүүх нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо 2023 оны байдлаар, /УБ хот/ эрэгтэй хүний хүн амын дундаж наслалтын тоон үзүүлэлт 67.46-с иргэн Э.Г-н насыг хасаж, гарсан дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж тооцож гаргасан болно.

Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг

All reactions:

5You and 4 others

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН