МАН мөнгөндөө эрдэж байгаа бол АН ард иргэддээ найдаж байна
А.Амина
Хамаг бүхэн хаалттай
Хатуу чанга заалттай
Солгой хөгжим шиг энэ нийгэмд
Согтуурах ши гжаргал алга… гэж яруу найрагч Р.Чойном 1967 онд халаглан бичиж байж. Энэ бол хүний эрхийг нухчин дардаг хаалттай нийгмээ сөрж, амьдралаараа хэлмэгдсэн эрх чөлөөний дуучийн бухимдлаас төрсөн шүлэг.
Эл шүлгээс хойш 20 шахам жилийн дараа Монголд ардчилсан хувьсгал өрнөж, нийгэм солигдсон. Монгол Улс арчиллын замаар замнаад 30 гаруй жилийг үдлээ.Гэвч өнөөдөр Р.Чойномын дээрх мөртүүд эрхгүй аманд уншигдсан өдрүүд үргэлжилж байна. Хамаг бүхэн хаалттай… солгой хөгжим шиг нийгэм…
Сүүлийн найман жилд завсаргүй, үнэмлэхүй олонхоор засаглахдаа ардчиллыг аажим аажмаар боомилж, хууль, шүүхийн байгууллагыг хар савартаа базсан МАН-ын аархал арай л хэтэрч буйг нүдээр харж, биеэр мэдэрч суугаа учраас дээрх мөртүүд аманд орчихоод байгаа хэрэг.Иргэдийг аж байдлын хувьд ч, оюун санааны хувьд ч ядуу байлгаж,далайсан газарт нь далд орж, далласан газарт нь ил гардаг манкурт боол болгохыг МАН үеийн үед хүсэж ирсэн.Өнгөрсөн нийгэмд энэ хүслээ бараг л гүйцээх дөхсөнийг нь ардчилал тасалсан юм.
1990 оны ардчилсан хувьсгалаар Монгол Улс тусгаар тогтнолоо, монголчууд эрх чөлөөгөө олж авсан. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, мэдэх зэрэг хүн эхийн хэвлийгээс унахдаа авч төрдөг язгуур эрхүүд ардчилалтай хамт монголчуудад ирж, Үндсэн хуульдаа ч үүнийгээ тунхагласан. 1990 оноос хойш саяхныг хүртэл монголчууд ардчилсан улсын эрх чөлөөт иргэн хэмээн итгэл дүүрэн хэлж чадаж байсан. Харин сүүлийн хэдэн жил эрх чөлөө алгуур хумигдсаар, ялангуяа үг хэлэх, үзэл бодолтой байх, хэвлэн нийтлэх, мэдэх эрхүүд ноцтой зөрчигдсөөр, өдгөө аюулын ирмэгт тулаад байна.
МАН-ыг шүүмжилсан хүн ажилгүй болоод дуусдаг байсан бол сүүлийн жилүүдэд шоронд ордог болтлоо нөхцөл байдал хүндэрлээ. Сүүлийн дөрвөн жилд үг хэлснийхээ төлөө,үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө,эрх баригчдын үйл хэргийг таалаагүйнхээ төлөө хэчнээн олон хүн шүүхийн хаалга татаж, “Бүгд найрамдах” уншуулав. Эрх баригчдыг шоглосон зураг сошиал сүлжээнд нийтэлснийхээ төлөө цагдаад дуудагдаж торгуулсан залуугаас эхлээд шууд бичлэгээр бухимдлаа илэрхийлснийхээ төлөөсөнд шоронд суусан Д.Мөнх-Эрдэнэ хүртэл уртаас урт жагсаалт бий. Шүүх, цагдаагийн үүдэнд хадагдсаар сонгууль өнгөрөөх нь нэгэнт тодорхой болсон хүмүүс ч нэг биш байна.
Эрээ цээрээ алдсан, эрх мэдэлдээ бялуурсан, бүхнийг хүчээр шийдэх гэсэн, бүгдийг нэг л цонхоор харуулах гэсэн МАН-ынхан чөлөөт бус нийгмийг аль хэдийн бий болгосон. Бодоод үзээрэй, танд эрх баригчдын талаарх шүүмжлэлт бодлоо эрс шийдэмгий хэлэх зориг байна уу. Ажил, бизнесээ, ар гэр, ах дүүгээ бодоод амаа хамхисан нь дээр гэсэн бодолтой хүн л олон болсон,магад танд ч ийм бодол төрж байгаа бий вий. Бид ийм айдастайгаар сонгуультай золгож байна.
Нэг талд нь жирийн иргэд, ардчилсан үзэлтнүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж,шүүх цагдаагаар хорьчихоод,нөгөө талд эрх мэдэлтнүүд бүх телевиз, сайт, сонин, сошиал сувгаар тархи угаалтыг хахтал цацаж байна. Төр засаг, хууль шүүхийн бүх эрх мэдлийг гартаа атгаж,мөнгө хөрөнгөөр халгиж цалгисан атгаалжин хар МАН-тай мөнгөгүй, хэвлэл мэдээлэлгүй, үзэл бодлоо илэрхийлэх боломжууд нь хаалттай намууд хүч тэнцвэргүй тулаанд орж байна.
Тиймээс үзэл бодолтой, үнэт зүйлтэй иргэдийнхээ мэдрэмжид л найдахаас өөр сонголт монголчуудад алга. Өнгөрсөн 30 жилд иргэд хэр хэрсүүжиж, үзэл бодол нь хэрхэн төлөвшсөнөөс энэ сонгуулийн хувь заяа төдийгүй энэ улсын хувь заяа шийдэгдэх нь.
Бүхнийг хаана, бооно, хорино, цагдана гэдэгтээ бүрэн итгэсэн МАН-ын омог хэрээс хэтэрч бусад намуудын сонгуулийн сурталчилгааны ажилд хүртэл хориг саад тавьж, штабын ажилтнуудыг нь барьж хориод эхэлсэн. Ингэж дарангуйллын замдаа шуударсан хэрнээ УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Ардчиллын гажуудлыг заслаа” гэнэ билээ. Удахгүй МАН ардчиллыг хамгаалагчийн малгай өмсөж гарч ирэхийн эхлэл юм биз. Хонины арьс нөмөрсөн чононд хууртаж, хотоо харлуулав. Хэрсүү, хянамгай байгаарай, ирээдүйгээ бодоорой та минь. Дарангуйлал уу, ардчилал уу гэдгийг шийдэх эрх одоохондоо бидний гарт байгаа шүү.