Удирдах ажилтны зөвлөгөөнөөр салбарын албан хаагчдадаа урт, дунд, богино хугацааны бодлого, стратегийн зорилтуудаа танилцуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж, салбар хоорондын уялдааг хангах талаар санал солилцлоо.

Говийн бүс бол байгалийн тогтоц, түүх, соёлын өв, палеонтологи ба геологийн нөөцөөр баялаг, төрөлжсөн болон тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой бүс нутаг юм. Иймд Дундговь аймгийн Цагаан суварга, Өмнөговь аймгийн Нэмэгтийн Их хонгил, Хэрмэн цав орчмын палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Говийн бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 15 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Цаашид орон нутагт соёл, спортын орон зай, хүртээмжийг нэмэгдүүлж, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана.